24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Үүнд:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 32, 127 дугаар сургуулийн барилга
- Нийслэлийн 19, 228, 251, 253, 258 дугаар цэцэрлэгийн барилга, 115, 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
- Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн барилга
- Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газрын конторын өргөтгөлийн барилга
- Баянгол дүүргийн Ахмад хөгжлийн төвийн барилга
- Сүхбаатар дүүргийн зургаан автомашины гараж, конторын барилга
- Сүхбаатар дүүргийн Аврах гал унтраах 74-р ангийн контор гаражийн цогцолборын барилга тус тус багтав.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 79, 87 дугаар сургуулийн багш ажилчдын орон сууцыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжив.
Олон нийтийн цагдаа нэмж ажиллуулахаар болов
Түүнчлэн хурлаар Олон нийтийн цагдаагийн тоог тогтоож, ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 32, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс 224 олон нийтийн цагдааг нэмж ажиллуулахаар болов. Олон нийтийн цагдаа нар хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажиллана. Олон нийтийн цагдаа нар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үүрэг гүйцэтгэнэ.
Нийслэлд 122 хүн цэргийн албыг дүйцүүлэн хаана
Хуралдаанаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас нийслэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоо өмнөх жилүүдэд 60-70 хүн байсныг нэмэгдүүлж 122 болгон тогтоосныг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Т.Болдбаатар хэллээ. Энэ онд Баянзүрх дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт 16, Хан-Уул, Налайх дүүрэгт тус бүр 13, Багахангай дүүрэгт найман иргэнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтов.