Байгальд ээлтэй малчдыг шалгарууллаа
Байгалийн нөөцийг зөв зохистой ашиглан, байгальд ээлтэй мал аж ахуй эрхэлж экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж буй сайн туршлагыг дэмжих, өргөжүүлэх зорилгоор “Байгальд ээлтэй малчин” шалгарууллаа.
Тодруулбал, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслөөс малчдын сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг аймаг сумтай хамтран зохион байгуулахаар “Байгальд ээлтэй малчин” шалгаруулсан байна.
Говь-Алтай аймгийн төслийн гурван сум болох Цогт, Төгрөг, Эрдэнэ сумаас “Байгальд ээлтэй малчин”-ыг тодруулжээ. Цогт сумын Баянтоорой багийн малчин Г.Отгонбаяр, Төгрөг багийн малчин М.Элбэгдорж, Рашаант багийн малчин Г.Наранхажид, Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин Ү.Батпүрэв, Цагаан–Уул багийн малчин Ц. Мөнхцэцэг, Чандмань сумын хоёрдугаар багийн малчин Н.Батмагнай, дөрөвдүгээр багийн малчин Б. Наранбаатар нарыг тодруулжээ.
Эдгээр малчид газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулахад хувь нэмрээ оруулан бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан бэлчээрийн зүй зохистой менежмент хэрэгжүүлэн, оршин байгаа газрынхаа бэлчээр, ус, хөрс, ой, ойн дагалдах баялаг, зэрлэг амьтан, ургамал зэрэг байгалийн нөөцийг зүй зохистой ашиглан байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулсан байна.
Түүнчлэн сайн туршлагаа түгээн дэлгэрүүлдэг, мал сүргээ хариулах, нүүдэл хийхдээ ердийн хөсөг ашиглан уламжлал, соёлоо өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг ийнхүү үнэлж “Байгальд ээлтэй малчин”- аар өргөмжиллөө хэмээн "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн Говь-Алтай аймгийн зохицуулагч Э.Цэцэгмаа мэдээлсэн юм.