Хятадад коронавирусний халдварын 1749 шинэ тохиолдол бүртгэгджээ
Хятадад мягмар гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 1749 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 136 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд лхагва гарагт мэдээлжээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, мягмар гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 74185 хүрч, нийт 2004 хүн нас барж, 14376 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
Мягмар гарагт 1824 хүн эмнэлгээс гарсан бол 236 хүний биеийн байдал хүндэрчээ. Мөн тухайн өдөрт нас барсан хүмүүсийн 132 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Хэйлунжян, Шаньдун, Гуандун, Гуйжоуд тус тус 1 хүн нас барсан байна.
Мөн мягмар гарагийн оройны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 62 тохиолдол, Макаод 10 тохиолдол, Тайваньд 22 тохиолдол бүртгэгдэж, Хонконг, Тайваньд тус тус 1 хүн баржээ. Мөн Хонконгт 4, Макаод 5, Тайваньд 2 хүн эмнэлгээс гарчээ.
Үүнээс гадна коронавирусний халдварын голомт болох Хубэй мужаас гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо 15 дахь өдрөө дараалан буурч, мягмар гарагт 56 хүрсэн байна.