Ерөнхий сайд аа, албаныханы архидалт дахин хүний аминд хүрчихлээ


Ерөнхий сайд аа, албан тушаалтнууд тань өгсөн үүрэг, даалгаврыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, төрийн албыг самарч байна. Түүнийх нь төлөөсөнд шударгаар ажиллаж, амьдарч яваа залуус амиа алдсаар байх уу.
Дөнгөж өчигдөрхөн Говь-Алтай аймгийн ГБХЗГ-ын дарга бүсгүй амиа алдчихлаа. Хэдийгээр хэргийг цагдаа, хуулийн байгууллага шалгаж байгаа ч гэлээ талийгаачийг гэртээ байхад Засаг дарга нь “авч ир” гэсэн “лүндэн” буулгасан, ажлаа өг хэмээн шахаж, дарамталдаг байсан тухай шуугьж байна. Цаашилбал, Засаг дарга В.Рэнцэндорж тэргүүтэй хүмүүс ажлын байрандаа төрсөн өдөр тэмдэглэх нэрээр архидаж байсан гэнэ.
Уг нь Зам тээврийн хөгжлийн яамныхан 2018 онд ажлын байрандаа архидан согтуурсны улмаас нэг сайхан залуугийн аминд хүрсэн. Энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, сунжирсаар яваа.
Яг л үүний дараа Засгийн газраас “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг төрийн бүх шатны байгууллагынханд хүргүүлж байсан. Тухайн үед даалгаврын хэрэгжилтийг шалгах явцад тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 147 ширхэг, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илэрч байв. Энэ нь нэг талдаа төрийн байгууллагынхан ажлын байрандаа архидан согтуурдгийн баталгаа.
Тэр цагаас хойш Ерөнхий сайд “архидаад үзээрэй, үзүүлээд өгнө шүү” гэх агуулга бүхий мессежийг бүх шатны дарга нартаа үүрэг буулгасаар ирсэн. Тэр байтугай орон нутаг, Засаг дарга нар ч архи, согтууруулах ундаанаас татгалзах тухай олон тушаал, захирамж гарган “мөрд” хэмээн иргэддээ үүрэгддэг байв.
Гэтэл энэ нь ердөө л олон нийтэд таалагдах гэсэн оролдлого байж, цаана нь эрхэм дарга нар өөрсдөө ажлын байрандаа архидан согтуурч байдаг нь энэ удаагийн хүний амь эрсэдсэн байдлаас харж болохоор байна.  
Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн амиа алдахад “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар өгөөд л өнгөрсөн. Гэвч талийгаач босч ирээгүй, ирэх ч үгүй. Түүнээс хойш үнэхээр хариуцлагатай байсан бол өнөөдөр шавилхан бүсгүй амиа алдахгүй л байх байлаа. Төрийн албыг улстөржүүлж, түүнийхээ хэрээр сахилга, хариуцлагаас илүү танил, дотно харилцааг эрхэмлэх болсны гай нь энэ.
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжчихсэн байхад бүхэл бүтэн аймгийн Засаг дарга албан тушаалтнуудаа цуглуулан архидаж байсныг хэрхэн дүгнэх вэ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ