Дюссельдорфын Их дуулгад Монголоос Моллай Сайед барилдана
Европ тивд бэлтгэлээ базааж байгаа Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 2020 оны хоёдугаар сарын 21-23-нд Германы Дюссельдорф хотноо болох “Их дуулга” тэмцээнд хүчээ сорих юм.
Тэмцээнд 120 орны 718 жүдоч хүч, ур чадвараа сорихоос эрэгтэй 427, эмэгтэй 291 бөх байгаа аж. Энэ сарын /2020.02.08-09/ эхээр Парисын Их дуулгад оролцсон Монголын жүдочид Словак /эмэгтэй/, Австри /эрэгтэй/ улсад Европын нээлттэй тэмцээнд оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд одоо Германд очоод байна.
“Дюссельдорф-2020” Их дуулга тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс 60 кг-д Дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Э.Ариунболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Моллай Сайед /Иран жүдоч, Mollae Saed/, ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, О.Цэцэнцэнгэл нар хүчээ сорино. Харин эмэгтэй жүдочдоос 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 60 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 66 кг-д ОУХМ Б.Хорлоодой, “Рио-2016” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа, 73 кг-д ОУХМ Б.Ганхайч, Ц.Наранжаргал, -81 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нар барилдах юм.
Энэ удаагийн Их дуулга тэмцээнд Германаас хамгийн олон буюу /эр 28, эм 26/ 54 жүдоч хүчээ сорих бол БНСУ-аас 25, Бразилаас 24, Монголоос 20, Азербайжан улсаас 18, Казахстан, ОХУ-аас 17, Итали, Испани, АНУ-аас тус бүр 16, Узбекистан болон ОУЖБХ /IJF/-ны нэрийн өмнөөс 15 жүдоч хүчээ сорихоор бүртгүүлжээ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг