Ираны дэд ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ
Иран улсын гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Масуме Эбтекар коронавирусний халдвар авчээ.
Этбекар лхагва гарагт коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь пүрэв гаргийн өглөө гарч, тэрбээр өөрийгөө гэртээ тусгаарлахаар шийдсэн байна.
Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай өмнө нь мөн Ираны парламент буюу Межлисийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Можтаба Зоннур мэдэгджээ. Түүнээс гадна, парламентын гишүүн Махмуд Садеки, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар коронавирусний халдвар авснаа мягмар гарагт мэдэгдсэн юм. Мөн улсаа төлөөлөн Ватикан, Египетэд сууж байсан Элчин сайд Хади Хосроушахи коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас пүрэв гаргийн өглөө нас баржээ.
Ираны Кум хотод коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам хоёрдугаар сарын 19-нд мэдэгдсэн юм. Албан ёсны мэдээллээр, тус улсад 245 хүн халдвар авч, 26 хүн нас барсан байна.
Montsame.mn