Орон нутгаас 5000 зорчигч тасалбар захиалжээ

Нийслэл хотын орох, гарах хөдөлгөөнийг нээх Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалаллыг хэрхэн зохион байгуулах талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Улсын онцгой комиссоос орон нутгийн зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шийдвэртэй холбоотойгоор нийслэлийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэнэ. Хот хоорондын тээвэрлэлтийн ачааллыг та бүхэн хэрхэн зохион байгуулж ажиллах вэ?
-Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийт 62 чиглэлд 64 аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх болсонтой холбоотойгоор орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн урсгал нэмэгдэх тул манай байгууллагаас нэмэлт тээврийн хэрэгслүүд гаргахаар ажиллаж байна. Ялангуяа холын аймгууд буюу Дорнод, Хэнтий, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгуудад үндсэн тээврийн хэрэгслээс гадна чиглэл бүрт нэмэлтээр 3-4 тээврийн хэрэгсэл явуулна. Урьдчилсан байдлаар маргааш буюу 3 сарын 3-ны өдрийг хүртэл 5000  орчим зорчигч билет захиалсан байна.
-Жирийн үедээ өдөртөө хичнээн зорчигч зорчдог вэ. Ачаалал хэр хэмжээгээр нэмэгдэхээр байна вэ?
-Энгийн ачаалал багатай үед дунджаар 62 чиглэлд өдөрт 300-400 орчим тээврийн хэрэгслээр 2500-3000 зорчигч тээвэрлэдэг бол өнөөдрийн байдлаас харахад урьдчилсан байдлаар 5000 гаруй зорчигч захиалга өгчээ. Тэгэхээр зорчигч урсгал 2 дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Хэдий зорчигч тээврийн ачаалал ийнхүү ихсэх ч тасалбар дуусах ч юм уу, олдохгүй гэсэн асуудал үүсэхгүйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.
-Зорчигчдыг халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж байгаа байх?
-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш манай үйлдвэрийн газраас ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, бэлэн байдлыг хангаж, хүн хүчээ дайчлан ажиллаж байгаа. Тухайлбал зорчигч тээврийн төвүүдээрээ дамжуулаад тээвэрлэлт эхлэхээс 1 цагийн өмнө ариутгал хийж, зорчигчддод зааварчилгаа өгч, халууныг хэмжих ажил тогтмолжоод явж байна. Ингэснээр иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэл учруулалгүй, тэдний эрүүл мэндийн төлөө байнгын зөвлөгөө, санамжуудыг хүргэн ажиллаж байна. Тиймээс иргэд, зорчигчид мөн адил өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө албан хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ