Эрхүү-Улаанбаатарын галт тэрэгний 54 зорчигчид эрүүл мэндийн үзлэг хийж байна
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтод өчигдөр буюу энэ сарын 2-ны 22.30 цагт ирсэн Эрхүү-Улаанбаатарын 306 дугаар галт тэрэгний нийт 54 зорчигчид мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн үзлэг хийж байна.Улсын Онцгой комисс (УОК)-оос энэ сарын 1-нд Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатарын нислэгийг түр хугацаанд зогсоосон. Улмаар БНСУ, Японоос ОХУ-аар дамжин эх орондоо ирж буй Монгол иргэдийг Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлэн, 14 хоног тусгаарлах болсон юм. Энэ дагуу 306 дугаар галт тэрэгний зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж байгаа бөгөөд БНСУ, Японоос ирсэн иргэн байвал тусгаарлах аж.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт одоогийн байдлаар 80 иргэнийг тусгаарлан, ажиглалтад аваад буй юм. Тиймээс тус эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор БНСУ, Япон улсаас ирсэн иргэдийг тусгаалах эмнэлгийн орыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт байрлуулахаар УОК шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос монголын 11 иргэнийг авч, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна.