Эрүүгийн хуулийг тавиад туучихсан, эрх чөлөөний хуулиа тэгмээргүй байна
Улсын баатар Э.Бат-Үүл сар шинийн өмнө нэгэн “гомдмоор” нийтлэл бичсэнийг зарим нь харсан байх. “Өдрийн сонины ноён нуруу хугарав” гэдэг нэртэй.
Э.Бат-Үүл, Б.Баабар, Б.Цэнддоо гурав бол бичсэн нийтлэлээ тус сонинд нийтлэх дархан эрхтэй гуравхан автор байлаа. Сүүлийн 20 жил ийм байлаа. Гэтэл саяхан тус сонин Э.Бат-Үүлийг нүүр хуудаснаасаа “хөөсөн” байна. “Үүнээс хойш таны бичсэн нийтлэлийг манай сонин нийтлэхгүй” гэжээ.
Шалтгаан нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдыг “Төрийн тайган” гэж бичсэнээс болсон гэнэ. Энэ үгийг тус сонин “эхнэр авсан эр хүнийг гутаан доромжилсон” гэж үзсэн юм байна. Мань эр ч “Төрийн тайган гэдэг чинь агтлуулсан гэж байгаа юм биш ээ. Хааныхаа өмнөөс хэрэг шийддэг бүрэн эрхтэй шадар хүнийг хэлж байгаа юм” гэж мянга хэлээд манай нөхөд итгээгүйгүйгээр үл барам тус сонинд нийтлэл бичих эрхийг нь хасчээ. Соц нийгмийн үед намаас хөөж шийтгэдэг байсан нь сүүл үед эргэж сэргээд байгаа. Одоо сонины нийтлэлчийн булангаас хүртэл хөөгддөг болж. Энэ чинь тэгээд ардчилсан ёс мөн үү? Ариун явдал уу?
Тэгээд бүр очиж очиж манайхны хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний төлөө амиа солихоос наагуур тэмцэж явсан буурал Э.Бат-Үүлийг ардчилал, шударга ёсны “индэр” болж явсан “Өдрийн сонин”-гоос хөөнө гэдэг хувь заяаны шоглоом гэлтэй.
Зүй нь Э.Бат-Үүлийн Монголын ардчилалд оруулсан хувь нэмрийг ор тас хаяад зөвхөн 1998 онд УИХ-аар батлуулсан ганцхан хуулийнх нь төлөө манай хэвлэлийнхэн түүний хөшөө дурсгалыг нь босгох ёстой юм. Уртаашаа дөрөвхөн заалттай энэ хууль манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг 22 жилийн турш хамгаалж, оршин тогтнуулж ирсэн билээ.
Нэг. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино.
Хоёр. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.
Гурав. 1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
2.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.
Дөрөв. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.
Энэ хууль байгаагүй бол хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдийг төр худалдаж аваад, хаахыг нь хаагаад, хавчихыг нь хавчаад дуусгасан байх байлаа. Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх гэх мэт үгс бидний үгсийн сангаас хасагдсан байх байлаа. Хэн дуртай сайт нээгээд юу дуртайгаа бичдэг, харддаг, шүүмжилдэг эрх чинь байхгүй, Хойд Солонгосууд шиг удирдагчдаа үнэнчээ илэрхийлж уйлж майлсан хэсэг бусаг улс л байх байлаа.
Гэвч тэр цаг ч гэсэн ойрхон ирсэн гэдгийг энд хэлчихэд илүүдэхгүй болов уу. Өнгөрсөн оны сүүлээр Засгийн газар буюу Хууль зүйн яамнаас боловсруулж МСНЭ-д танилцуулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл хэзээ мөдгүй УИХ-ын босго давах гэж байна. Тэнд төрийн байгууллагууд өөрсдийн хэвлэл мэдээлэлтэй байхаас эхлээд “хараат бус” хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ямар шаардага хангасан байх, яаж үйл ажиллагаагаа явуулах, хяналт цензурыг ямар хэмжээнд яаж тавих гэх мэтчилэн бүгдийг редакциудынх нь өмнөөс зохицуулаад, заагаад зураад өгчихсөн байна.
Өөрийн зохицуулалтын байгууллага гэж нэрлэсэн Хэвлэлийн зөвлөлийг нь хүртэл Засгийн газар өмнөөс нь байгуулж өгөх, тэр нь ямар эрх хэмжээ эдлэх тухай нарийвчлаад биччихсэн. Ийм “эрх чөлөөний” хуультай болсон цагт “Өдрийн сонин” байтугайн “нуруу хугарч”, эрх мэдэлтнүүдийг шүлсний алчуур болоод дуусах нь тодорхой. Энэ хууль батлагдсан цагт сэтгүүлчид хоолтойгоо үлдэхийн тулд төрийн хэвлэлд орох гэж бие биенээ гишгэлнэ. Редакциудын төрийн байгууллагуудаас авдаг өчүүхэн хэдэн төгрөгний гэрээ, дөрвөн жилд ганц удаа болдог сонгуулийн сурталчилгаа ч биднийг тойрч, ажилчдаа цалинжуулж чадахгүй хаалгаа барина.
Тэр цагт бид эрх чөлөөтэй байснаа ухаарна. Тэр цагт бид мэнгэтэй сайдтай харц мөргөлдөхөөс эмээж, У.Хүрэлсүхийг попчин байсныг, УИХ-ын гишүүд нь ЖДҮ-чин гэдгийг мартах хэрэгтэй болно. Эрх баригчид Зөрчлийн хуульд байсан "гүтгэх" зөрчлийг Эрүүгийн хууль руу оруулах гэж зүтгэсээр байгаад оруулсан. Иргэний хуулиар хамгаалдаг байсан нэр төр, алдар хүндийн эсрэг үйлдлийг Эрүүгийн хуулиар хариуцлагажуулаад авсан. Харин одоо Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэлийн эрх чөлөөг үгүй хийх гэж байна.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn