Б.Найдалаа: Хотын сонгогчдын эрхийг хязгаарлавал Цэцэд хандана
Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаагийн байр суурийг хүргэж байна.
-Сонгуулийн хуулийн дагуу ирэх хоёрдугаар сард багтаж тойргийн мандатын тоог батлах учиртай. Танай намын хувьд мандатын хуваарилалт дээр ямар байр суурьтай байна вэ?
-Мандат хуваарилахдаа тэгш байх зарчмыг баримтлах учиртай. Монгол Улс гурван сая хүн амтай, 76 тойрогтой гээд үзэхээр нэг тойрогт 40 орчим мянган сонгогчийн саналыг төлөөлнө гэсэн үг. Гэтэл өнгөрсөн хугацаанд мандат буруу хуваарилснаас болж тэгш байдал алдагдаж ирсэн. Тухайлбал, Хэнтий аймаг 70 мянга, Булган аймаг 80 орчим мянган хүн амтай. Гэтэл Хэнтий гурван мандаттай, харин Булганд нэг мандаттай байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 340 орчим мянган хүн амьдарч байна. Тэнд нэг мандат дээр оногдож байгаа сонгогчийн тоо эрс олон. Гэтэл Говьсүмбэр аймагт гэхэд 12 мянган хүнээс нэг хүн УИХ-д сонгогдож байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр зарим тойргийн сонгогч илүү эрхтэй, зарим нь бага эрхтэй, нэг, хоёрдугаар зэргийн сонгогч гэсэн ялгаа заагийг гаргаж ирээд байна. Уг нь хүний сонгох сонгогдох эрхийг Үндсэн хуулиар хамгаалаад өгчихсөн. Нэг тойрогт ногдох сонгогчийн тоо 20 хувиас өөрчлөгдөх ёсгүй. Энэ зарчмыг барихгүйгээр намууд өөрсдийнхөө хүний сонгогдох магадлалаа бодоод мандатын тоог орон нутагт нэмэгдүүлдэг байж болохгүй л дээ. Хүн амын олонхи нь Улаанбаатарт амьдарч байна. Энэ тоотойгоо дүйцүүлээд Улаанбаатарт 28-аас олон мандат олгох учиртай. Хэрэв улс төрийн сонирхлоор энэ тоог багасгаж, хотын сонгогчдын эрхийг хөндөх юм бол манай намаас Үндсэн хуулийн цэцэд хандана.
-Эрх баригчдын зүгээс орон нутагт мандатын тоог нэмэх хандлагатай байгаа. Үүнийг хуульд нийцэхгүй гэж үзэж байна уу? -Тийм ээ. Энэ бол байж болохгүй. Үндсэн хуулийг зөрчсөн асуудал. Монгол Улсын сонгуулийн насны иргэдийг ялгаварласан, нэг, хоёрдугаар зэргийнх гэж хуваасан үйлдэл болно. Тэгэхээр ийм үйлдэл гаргасан үүний эсрэг бид тууштай байр, сууриа илэрхийлж, тэмцэнэ.
-Хөдөлмөрийн үндэсний намын хувьд хотын сонгогчдын дунд илүү рейтингтэй гэж ойлгож болох уу? -Энэ асуудлыг намын асуудалтай холбож ойлгож болохгүй. Манай намд орон нутагт ч дэвших боломжтой хүмүүс бий. Мандат хуваарилахдаа гол нь зарчим баримтлах ёстой. Монгол Улсын сонгуулийн систем гурван сая иргэндээ хүртээмжтэй байж, зөв явах учиртай. Түүнээс биш манай нам тэнд олон сонгогчтой учраас үүнийг хуваарилчихъя, энд нь сонгогдохгүй юм чинь мандатыг нь хасчихъя гэсэн зарчмаар явах юм бол ард иргэдээ хорлож байгаатай л адилхан зүйл болно.
-Саяхан батлагдсан Сонгуулийн хууль дээр та ямар байр суурьтай байна вэ?
-МАН өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн Сонгуулийн хуулийг баталлаа. Зөрчилтэй зүйл олон байна. Хамгийн наад зах нь цагаан сонголт буюу сонгохгүй байх эрхийг зөвшөөрсөн атлаа мандатын тоогоор санал өгөөгүй бол хуудсыг хүчингүй болгоно гэж заасан байна. Сонгогч саналын хуудаснаас таван нэр дэвшигчээс нэгийг нь сонгоод бусдыг нь дугуйлахгүй байхад л хүчингүй болно гэсэн үг. Тэгэхээр ямар юмны цагаан сонголт байх вэ дээ. Иймэрхүү жижигхэн байдлаар өөрсдөдөө зориулж хууль үйлдвэрлээд байх юм бол Монгол Улс урагшлахгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүддээ уриалмаар байна. Аливаа зүйлд алсыг харсан бодлогоор зарчимтай хандаачээ. Монгол Улсад аль хувилбар нь хэрэгтэй вэ гэдгийг харж байгаад шийдсэн нь зөв болдог. Түүнээс биш өчүүхнээр өөрсдийнхөө өнөө маргаашийг бодсон шийдвэр гаргаад тэр нь эргээд улс орныг хорлосон байдаг юм шүү. Монгол Улсын түүхийг харсан ч ийм жишээнүүд олон бий.
-Өмнө нь танай намаас Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Үндсэн хуулийн цэц энэ асуудлаар маргаан үүсгэхгүй гэж шийдвэрлэсэн. Маргаан үүсгэхгүй гэсэн нь өөрөө маргаан дагуулж байна. Ер нь аливаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад үнэн зөвөөр, хуулийн талд шийдэгдэнэ гэх итгэл үнэмшилгүй болсон. Цэц өөрөө улс төрийн томилгоогоор бүрддэг. Үндсэн хуулийн манаач байх шаардлага хангахгүй улс төрийн хүүхэлдэйнүүд тэнд олон байна. Тэр ч байтугай, Цэцийн дарга байсан хүн нь ямар асуудалд орсон билээ. Гэтэл хариуцлага хүлээхээс айгаад одоо хүртэл огцрохгүй цэцийн гишүүн хэвээр байна. Үүний цаана ямар ёс суртахуун, зарчим байгаа юм. Ийм Үндсэн хуулийн цэцээс үнэн хүлээгээд нэмэргүй. Гэхдээ хууль гэж байгаа учраас зарчмынхаа дагуу тийшээ хандахаас өөр арга алга байна.
Т.СайханЭх сурвалж: "Зууны мэдээ” сонин