Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэл үүсээгүй
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Коронавирусийн тархалттай холбоотойгоор төсвийн орлого буурч байна. Гэвч та төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Таны энэ байр суурь хэвээрээ байгаа юу?
-Төсөвт тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэл үүсээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах хэмжээний чадавх бий болсон. Тиймээс төсөв тодотгохгүй.
-Нүүрсний экспортын орлого тасарч байгаагаас гадна зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөхөөр болсон. Ингэснээр төсвийн орлого буурна. Төсөвт тодотгол хийхгүйгээр энэ алдагдлаа яаж нөхөх гэж байгаа юм бэ?
-Бид тооцоолоод асуудлаа оруулж ирж байгаа. Судалгааны байгууллагуудын хийж буй эдийн засгийн нөхцөл байдлын судалгааны дүн, Засгийн газрын бодлого хоорондоо нийцэж байгаа.
-Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлснөөр төсвийн орлого ямар хэмжээгээр буурах вэ?
-Үнийн хөөрөгдөл бий болохоос болгоомжилж татварын зохицуулалт хийж байгаа. Гэхдээ БНХАУ-аас болон тус улсаар дамжсан бараа бүтээгдэхүүнүүд импорт хэвийн явагдаж байгаа. Импортын татварыг нь чөлөөлөх бүтээгдэхүүний жагсаалтаас өндгийг хассан. Яагаад гэвэл, манай улс өндгийг дотооддоо хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж байгаа учраас импортын татварыг нь чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн. Харин бүх төрлийн будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
-Одоогийн байдлаар төсвийн орлого хэчнээн төгрөгөөр тасарчихаад байгаа вэ?
-202.7 тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн мэдээллийг өмнө нь өгсөн. Одоо хоёрдугаар сарын статистик гарна. 180-190 тэрбум төгрөгөөр тасарсан болов уу гэж тооцож байгаа.