Коронавирус ба Монголын эдийн засаг
Зүрх судсаар орж ирсэн цусыг уушги руу дамжуулдаг. Уушги түүнийг нь хүчилтөрөгчөөр баяжуулан буцааж, бусад эрхтэнд түгээдэг. Товчхондоо, энэ үйлдлээр л хүн амьдарч, өсөж, өвчин эсэргүүцэж, бүтээж, торнидог. Монгол Улс нүүрс, зэс, мах, ноолуураа зарж, америк доллар олоод, эргээд олсон мөнгөө аж ахуйн нэгжүүдэд тендер, иргэдэд тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдад цалин хэлбэрээр өгдөг.
Tэрхүү авсан мөнгөөрөө иргэд нь хоол хүнс, хувцас хунар, ахуйн хэрэглээгээ худалдах замаар эргээд зах зээлд мөнгөө гаргадаг. Буцаад мөнгө нь төрийн санд татвар, хураамж хэлбэрээр төвлөрнө. Мөн л улсын эдийн засгийн эргэлт товчхондоо нэг иймэрхүү. Гэхдээ ЖДҮ-ийг дэмжих зээл, тендерийн унац гэх мэт хуулиас гадуур эргэлтийг эс тооцвол шүү дээ.
Цус судсаар ямар нэгэн саадгүйгээр урсаж байж л бүхий л биеэр тархаж, хүнийг амьдруулахтай адил мөнгөний урсгал ч тасралтгүй үргэлжилснээр улсын эдийн засаг тогтвортой байх юм. Магадгүй гэнэтийн осол аюул тохиолдох, удаан хугацааны далд хэлбэрийн өвчлөлийн улмаас цусны эргэлт саарвал хүн өвдөнө, хэвтэрт орно, ухаан алдаж унана, хөдөлмөрийн чадвараа алдана. Үүний нэгэн адил гадаад болон дотоод нөхцөл байдлаас үүдэж эдийн засгийн “зүрх” зогсож, эргэлт саарвал улсын “эрүүл мэнд” муудна.
Яг энэ нөхцөл байдал өнөөдөр Монгол Улсад тохиолдоод байна. ЖДҮ-тэй, хахуультай, халамжтай төсөв маань хурд саахын хажуугаар БНХАУ-аас гаралтай коронавирусийн тархалт гадаад худалдааны хувьд бүрэн хамааралтай Монгол Улсад ч хүндхэн тусаж байна.
Үүнээс үүдэн хүнсний худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, барилгын худалдаа гэх мэт бүхий л салбарын мөнгөний урсгал саарах эрсдэл үүсэж буй.
Гадаад худалдааны орлого тэрбумаар тасарна
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улсын экспорт, импорт энэ оны нэгдүгээр сард буурсан байна. Экспорт 459 сая ам.доллар болж өнгөрсөн оноос 148.3 сая ам.доллар буюу 24.4 хувиар буурчээ. Монголын экспортын орлогод эрдэсийн бүтээгдэхүүн голлодог буюу 87.1 хувийг эзэлж байгаа. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард Монгол Улс 2.4 сая тонн нүүрс экспортод гаргасан. Мөн 101.6 мянган тонн зэсийн баяжмал, 815.5 мянган тонн төмрийн хүдэр, 12.8 мянган тонн цайрын баяжмал, 287.0 мянган баррель газрын тосыг экспортолжээ. Тэгвэл хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийт экспортод 4.7 хувийг эзэлдэг бол бусад төрлийн экспорт 8.2 хувийг эзэлж байна. Монгол Улс 2020 онд 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон. Үүнийхээ гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, 1.3 их наяд төгрөгийн нүүрс, 1.7 их наяд төгрөгийн зэсийн баяжмал БНХАУ-д худалдахаар тооцоолсон. Гэтэл нүүрсний экспорт он гараад бараг зогссон гэхэд болно. Учир нь нэгдүгээр сард БНХАУ- ын Сар шинийн баярын амралт зэргээс шалтгаалж, үйлдвэрлэл нь багасч, импорт нь буурдаг нь жил бүрийн үзэгдэл. Үүнтэй зэрэгцээд коронавирус гарсан тул үргэлжүүлэн амралтаа сунгаснаар манай экспорт зогссон. Энэ сарын 10-наас эхлэн БНХАУ-ын сунгасан амралт дуусаж, үйлдвэрлэл эхэлсэн ч Монгол Улс албан ёсоор нүүрсний экспортоо гуравдугаар сарын 2 хүртэл зогсоосон. Вирусийн халдвараас жолооч нарыг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргаснаа ч албан ёсоор тайлбарласан. Гэвч яг ижилхэн авто замын боомтоор худалдаалдаг зэсийн баяжмалын экспорт хэвээр үргэлжилсээр байгаа. Ядаж нэг эрдэсээ ч болов зарж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эрсдэлээс сэргийлсэн бол бүх л жолоочийг хамгаалах нь зүйн хэрэг гэмээр. Харин асуудлын гол эрсдэлээс сэргийлэхдээ биш нүүрсний салбарт Монгол Улс тээвэрлэлт талаасаа хэтэрхий БНХАУ-ын хараат гэдэгт байгаа юм. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг 14 мянган автомашины хоёр мянга хүрэхгүй нь Монголын компанийнх. Бусад нь БНХАУ-ын компанийн машин. Ингээд л он гараад Монгол хүссэн хүсээгүй нүүрсний экспорт зогссон хэрэг. Түүнчлэн Монгол Улс дотоодын махны хэрэглээний тогтвортой байдлыг хангах зорилгоор махны экспортоо ч түр хугацаагаар зогсоосон юм.
Энэ мэт нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гадаад худалдаа тэрбум америк доллараар буурах нь тодорхой. Өнгөрсөн онд Монгол Улсын экспорт долоон тэрбум ам.доллар байсан.
Ингэхээр энэ онд экспортын долооны нэг нь байхгүй болно гэсэн үг. Ингэхээр төсвийн орлого тооцоолсноос буурна. Гэтэл эргээд төсвийн зарлага орлогоосоо хоёр их наядаар давж байгаа. Орлого нь ингээд буурахаар хоёр их наядын зарлага нь өснө. Асуудал нь төсвийн зарлагад хөрөнгө оруулалт жин дарж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ онд 3.6 их наядын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Гэтэл төсвийн санхүүжилт нь бүрдээгүй үед тендерт оролцсон компаниуд санхүүжилтээ авч чадахгүй шатах эрсдэлтэй юм. Ингэхээр төсөвт тодотгол хий гэдэг байр суурийг эдийн засагчид илэрхийлж байгаа юм.
Эдийн засагч Н.Энхбаяр: Нэгдүгээр улирлын дүнг харж байгаад дөрөвдүгээр сард арга хэмжээ авна гэвэл хоцорно. Гадаад худалдаа багаар бодоход тэрбум ам.долларын алдагдал хүлээх нь. Ингэхээр төсөв дээр гарцаагүй өөрчлөлт орохоос өөр аргагүй боллоо. Засгийн газрын түвшинд авах арга хэмжээгээ гурван сард эхлүүлмээр байна.
Эдийн засагч Б.Дөлгөөн: Энэ асуудал дээр Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл санаачилгыг гартаа аваад ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Сангийн яам, Монголбанкны бүрэлдэхүүн багтсан зөвлөл шүү дээ.
“Одооxондоо валютын захад эрсдэл үүсээгүй”
Гадаад худалдаатай холбоотой дараагийн эрсдэл Монголын валютын ханштай шууд холбогдох юм. Нааштай нь одоогоор валютын захад сөрөг нөлөө ажиглагдаагүй байгааг Төв банк мэдээлсэн. Монгол Улсын гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар бөгөөд богино хугацаандаа тогтвортой байхаар. Харин нөхцөл байдал сайжрахгүй, удаан буюу гурван сараас дээш хугацаанд үргэлжилбэл, хүндрэл үүсэхийг шинжээчид тайлбарлаж байгаа.
“Голомт” банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ: Одоо бол сар гаруй хугацаа өнгөрөхөд банкны системд ямар нэгэн нөлөөлөл алга. Гэхдээ урт хугацаандаа эрсдэл үүсэж, зээл чанаргүйднэ. Харин энэ шинэ нөхцөл байдалд хэрхэн хариу арга хэмжээ авах вэ гэдэг нь бидэнд “гэрийн даалгавар” болж байна.
Худалдаа, үйлчилгээний салбар хумигдаж байна
Нэгдүгээр сард Монгол Улсын импорт 473.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оноос 30.7 сая ам.доллараар буюу 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Импортын бүтээгдэхүүний хувьд нефть, автомашин, түүний сэлбэг хэрэгсэл эд анги голлодог.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилд ойролцоогоор тэрбум ам.долларынавто машин болон тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг. Энэ оны нэгдүгээр сард нийт дүнгээрээ импорт буурсан ч нефтийн бүтээгдэхүүний импорт өссөн байна. Тодруулбал, оны эхний сард Монгол Улс 136.7 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материал авсан нь өнгөрсөн оноос 16.3 сая ам доллараар өссөн байна. Хүнс болон ахуйн барааны импортын тухайд Монгол Улс гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн, ургамлын тос, цагаан будаа, элсэн чихэр гэх мэт жин дардаг. Он гарснаар Монгол Улс 1200 тонн тахианы мах БНХАУ-аас авсан бол 13.8 сая ширхэг өндөг ОХУ- аас импортолжээ. Одоогоор Монгол Улс эрсдэлийн бүс нутгаас хүнсний бүтээгдэхүүн импортлохгүй байх шийдвэр гаргасан. Энэ дундаа гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөгийн импортыг түр хугацаагаар хязгаарласан билээ. Импорт ийнхүү буурсан нь Монголын худалдаа, үйлчилгээний салбарын орлого багасаж байгаагийн илэрхийлэл юм. Мөн хязгаарлалт нь цаашид ч орлогыг нь хумих юм. Энэ салбар нь Монголын хөдөлмөрийн зах зээлийн оройд байдаг билээ.
Аялал жуулчлалын орлогыг зуны саруудад даатгах уу?
Дараагийн чухал салбар нь аялал жуулчлал юм. Монгол Улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Гэвч коронавирусийн тархалт нэмэгдэж байгаагийн улмаас ДЭМБ онц байдал зарласан. Ингэснээр нислэгүүд цуцлагдаж, улсууд гаднын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр ч гаргасан. Монгол Улс ч хилээр орох, гарах иргэдэд хязгаарлалт хийгээд буй. Тодруулбал, нэгдүгээр сарын 31-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гуравдугаар сарын 2 хүртэл Хятад улс руу зорчихыг хориглосон. Мөн энэ хугацаанд урд хөрштэй хиллэдэг боомтуудаар гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Монголын өвлийн аялал жуулчлалын томоохон ивент болох “Хөх сувд” ч цуцлагдаад буй. Тэгэхээр аялал жуулчлалын орлогыг зуны гурван сард даатгахаас аргагүй болох нь.
Эрсдэлийг хэрхэн давах вэ?
Коронавирусийн аюул дэлхий нийтийн анхаарлын төвд ороод сар гаруй хугацаа өнгөрчээ. Монгол Улсын Эрүү мэндийн яам, Улсын онцгой комисс ч өвчний тархалтын мэдээллийг олон нийтэд өгөөд ийм хугацаа өнгөрчээ. Вирусийн вакцин гарах хамгийн ойрын хугацаа зургаан сар, цаашилбал 18 сар болохыг ч ДЭМБ зарласан. Мөн хоёрдугаар сарын дундуур хамгийн тархалт оргил үедээ хүрч, буурах цикл нь дөрөвдүгээр сарын эхээр байхыг хэлсэн. Тэгэхээр Монгол Улс дахиад дор хаяж хоёр сар гүрийх хэрэг гарах нь. Энэ хугацаанд “бие муутай” Монголын эдийн засгийн дотоод орчинд ямар эрсдэл үүсэхийг таашгүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой нь үүсээд байгаа эрсдэлүүд нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Тэгэхээр Монгол Улс өвчний тархалт, өвчтэй хүний тоо, нас барагсдыг тоочсон мэдээлэл олон нийтэд өгөхөөс гадна дотоодод авах арга хэмжээ, гаргасан шийдвэр, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, дутагдаж байгаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг томоохон үйлдвэрүүд хангахад яаж анхаарах гэх мэт бодит асуудлыг ярих цаг нь болжээ.