Зайсангийн гүүр, Маршалын гүүрийг холбосон зам тавих чиглэл өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүрэгт ажиллажээ. Энэ үеэр Маршалын гүүрээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд далангийн дагуу 7.1 км дугуйн зам барих ажилтай танилцсан байна. Одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт гурван метрийн өргөнтэй, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ үеэр дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулжээ. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх тавдугаар сард дугуйн замыг барьж дуусгахыг үүрэг болгов.
Түүнчлэн Хан хиллс хотхоны арын замаар чанх хойш Хүннү хороолол руу холбох авто замын орц гарц нээх, Зайсангийн гүүрээс Ривер Гарден хүртэлх замын түгжрэлийг арилгахын тулд Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбох зам бий болгох чиглэл өглөө. Үүний зэрэгцээ энэ зун баригдах дугуй, явган болон авто замын кадастр дагуу зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгөв.