Inovio Pharmaceuticals: Коронавирусийн эсрэг вакциныг дөрөвдүгээр сараас хүн дээр турших боломжтой
Хятадын эрдэмтдийн нээсэн “COVID-19”-ын генетикийн дараалалд үндэслэн АНУ-ын Сан Диего дахь “Inovio Pharmaceuticals” компани өөрсдийн лабораторидоо “Covid-19”-ын эсрэг вакцин гарган авахаар ажиллаж буй.
Тэгвэл тус компанийн зүгээс мягмар гаригт ДНХ-д суурилсан энэхүү вакциныг ирэх дөрөвдүгээр сараас 30-50 эрүүл хүний биед туршихаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ. Үүнээс өмнө “Inovio Pharmaceuticals”-ын эрдэмтдийн баг “Covid-19”-ын эсрэг боловсруулагдаж буй энэхүү вакциныг ирэх зургаагаас долдугаар саруудад хүн дээр турших боломжтой гэж мэдэгдэж байв.
Өмнө нь зика вирус, “MERS”, эбола вирусийн эсрэг вакциныг гарган авч байсан туршлагатай тус компани нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гарган авах ажилд зориулан төр, хувийн хэвшлийн олон улсын түншлэлийн Эпидемиологийн бэлэн байдлын шинэчлэлийн эвсэл нийгэмлэгээс 9 сая ам.долларын санхүүжилт авсан. Одоо тэд АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын агентлагтай хамтран шинэ төрлийн коронавирусийн эсрэг тус вакцин нь хүний дархлааны системд үйлчилж, “Covid-19”-ын эсрэг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодорхойлох туршилтын үйл явцыг хурдасгах параметрүүдийг батлахаар ажиллаж байгаа аж.
“Inovio Pharmaceuticals” компанийн эрдэм шинжилгээний туршилт, хөгжүүлэлт хариуцсан дэд Ерөнхийлөгч Кейт Бродерикийн хэлснээр хүн дээр хийгдэх туршилтууд нь АНУ-ын Пенсильваны их сургууль болон Канзас хотуудад хийгдэх аж.
Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар “Covid-19”-ын халдвар авсан батлагдсан 95334 тохиолдол, 3285 нас баралт бүртгэгдээд байна. Халдвар авсан нийт тохиолдлуудын 90 хувь нь БНХАУ-д бүртгэгдсэн. Харин Хятадаас бусад орнуудад гарсан дийлэнх тохиолдлууд нь Иран, Итали, Өмнөд Солонгос, Япон зэрэг дэгдэлт хурдацтай тархаж буй орнуудад бүртгэгдээд байна. ДЭМБ-ын зүгээс Засгийн газрууд уг өвчний тархалтын эсрэг яаралтай, цогц арга хэмжээ авч хяналтдаа оруулахгүй бол цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй эрсдэлийг анхааруулсан.
Дэлхийн хэд хэдэн улсад шинэ төрлийн коронавирусийн эсрэг эм, эмчилгээ, вакцин гарган авах ажлууд судалгаа, туршилтын шатандаа явж байна. Одоогоор эмнэлзүйн туршилтаар баталгаажсан эмчилгээний арга хараахан гараагүй ч тодорхой судалгаанууд нэлээд ахицтай явж байгаа талаар ДЭМБ мэдээлсэн.
Тухайлбал, АНУ-ын үндэстэн дамнасан эм үйлдвэрлэгч “Gilead Sciences” компанийн боловсруулсан эбола вирусийн эсрэг “Remdesiver” эмийг “Covid-19”-ын масс эмчилгээнд ашиглах клиник туршилтууд БНХАУ болон БНСУ-д хийгдэж байна. Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам мягмар гаригт “Remdesiver” эмийн туршилтын гуравдугаар үе шатыг баталгаажуулсан. Мөн тус яам өнгөрөгч хоёрдугаар сарын 21-нд Өмнөд Солонгосын эм үйлдвэрлэгч “ImmuneMed” компанийн боловсруулсан вирусийн эсрэг “HzVSFv13” тарилгыг “COVID-19”-ын халдвар авсан өвчтөнд хэрэглэхийг зөвшөөрсөн. Хамгийн сүүлд лхагва гаригт тус улсын Химийн судалгааны хүрээлэнгийн Вирус судлалын тэнхимийн судлаачид шинэ төрлийн коронавирусийн эсрэг үйлчилж, вирусийн хүчийг сулруулах биет олсноо зарласан. Энэхүү нээлт нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гарган авах ажлыг түргэсгэхэд томоохон түлхэц болно гэсэн хүлээлттэй байна.
Үүнээс гадна “Johnson & Johnson”, “Regeneron”, “CSL” болон “Moderna” тэргүүтэй томоохон эм үйлдвэрлэгч компаниуд “Covid-19”-ын эсрэг вакцин гарган авахаар идэвхтэй ажиллаж буй. Одоогоор дэлхий дахинд уг вирусийн эсрэг үйлчилгээтэй эм болон вакцин гарган авах 30 гаруй судалгаанууд туршилтын шатандаа явж байна. Зах зээлийн судалгааны “Kantar” агентлагийн тооцоолсноор “Covid-19”-ын тархалттай холбоотойгоор энэ оны эхний улиралд хүний дархлааны тогтолцоог дэмжих функционал нэмэлт хүнс, тэжээлийн зах зээл дэлхий хэмжээнд 5-9 хувь өсөх хандлагатай байгаа аж. Харин дэлхийн эм үйлдвэрлэлийн зах зээл энэ онд 2019 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 5-7 хувь өсөх хандлагатай байгаа бөгөөд оны эцэс гэхэд 1.35 их наяд ам.долларт хүрэх урьдчилсан тооцоог гаргажээ.
О.Мөнхбат
Эх сурвалж: Biobuzz, The San Diego Union-Tribune, worldometers.info, pharmaceuticalcommerce