Бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг хэлэлцэнэ
Монголбанк ирэх долоо хоногт болох Мөнгөний бодлогын хорооны хуралд бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах санал оруулах гэж байна. 2019 оны 11 дүгээр сард мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгжээр бууруулах санал хороонд оруулж байсан ч хэвээр үлдээсэн. Шинэ төрлийн вирусийн тархалт эдийн засагт эрсдэл учруулж байгаатай холбоотой гуравдугаар сарын 23-27нд товлоод байсан Мөнгөний бодлогын хорооны хурлын товыг наашлуулаад байна. Мөнгөний бодлогын хороо энэ сарын 12-нд шийдвэрээ танилцуулах хүлээлттэй байгаа юм. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хүүг бууруулснаар зээлийн хүү буурч, эдийн засгийг дэмжих боломж бүрдэнэ” гэж мэдэгдэж байсан юм. Дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн эдийн засагт учруулах хүндрэлийг мөнгөний зөөлөн бодлогоор гэтлэхээ Европын төв банкны тэргүүн мэдэгдсэн. Америкийн төв банк мөн адил бодлогын хүүгээ бууруулсан. Эдийн засгийн уналт улс орнуудад мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхэд хүргэж буй. Манай улс тэдний нэгэн адил мөнгөний бодлогын хүүг дахин хэлэлцэх гэж байна. Мөнгөний бодлогын хороо жилд дөрвөн удаа хуралдаж, шийдвэр гаргадаг. Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлийн хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Бодлогын хүүг өөрчлөхөд инфляцыг харгалздаг. Улсын хэмжээнд инфляц 5.6 хувьтай байна. Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, ДНБ-ий өсөлтийг дэмжих зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлдэг. Бодлогын хүүг бууруулах замаар энэхүү үр дүнд хүрдэг билээ. Мөнгөний бодлогын арга хэрэгсэл дотор эдийн засагт хамгийн нөлөө бүхий нь бодлогын хүүг өөрчлөх шийдвэр байдаг. Бодлогын хүү инфляцыг удирдахаас гадна мөнгийг хумих, тэлэх үндсэн хэрэгсэл. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн уналт мөнгөний бодлогын томоохон сорилт болж байна. Бодлогын хүүг хэвээр үлдээх, одоогийн түвшинд хадгалах суурь шалтгааны нэг нь энэ байсан.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин