Франц иргэн Улаанбаатарт ажиллана гэж бөглөсөн асуумжаа зөрчсөн гэв
Дорноговь аймагт ажилладаг Франц улсын иргэнээс COVID-19 буюу шинэ коронавирус илэрсэн. Тухайн иргэн энэ сарын 2-нд Франц улсаас Улаанбаатар хотод ирсэн бөгөөд улсын хилээр нэвтрэхдээ хотод ажиллана гэсэн асуумж бөглөжээ. Гэтэл асуумжаа зөрчин Дорноговь аймагт ажилласан гэдгийг тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Т.Энхтүвшин телевизийн тодруулга өгөх үеэр хэллээ. Тэрээр “Аймгийн онцгой комисс 02.00 цагаас хойш хуралдаж байна. Дорноговь аймгийн төв Сайншандаас 70 км-ийн зайнд орших хоёр кемпэд 20 хүний бүрэлдэхүүнтэй харуул хамгаалалт гаргасан. Хоёр кемпэд 60 хүнийг тусгаарласан. Аймгийн төвд 24, Замын-Үүдэд хоёр хүнийг тусгаарласан.
Тухайн иргэнийг халуурсан гэсэн мэдээллийг энэ сарын 7-нд авсан учраас 8-нд вагонд хамт ирсэн хүмүүсийг ажиглалтад авсан байсан. Вагонд хамт 28 хүн ирсэн. Халдвар илэрсэн франц иргэн Монгол Улсын хилээр нэвтрэхдээ Улаанбаатар хотод ажиллана гэж бөглөсөн байна. Гэтэл асуумжаа зөрчин Дорноговь аймагт ажилласан байна. Асуумжийнхаа шаардлагыг биелүүлээгүй холбогдох газарт арга хэмжээ авна” гэв.