Газрын тосны үнэ огцом унасан шигээ эргээд өсөхийг үгүйсгэхгүй

Газрын тосны үнэ тогтвортой байхаас манайд шатахууны үнэ тогтвортой байх эсэх нь шалтгаалдаг. Засгийн газар АИ-92 шатахууны үнийг 1830 төгрөгт тогтворжуулах  үүргийг АМГТГ-т өгсөний  дагуу  энэ оны  хоёрдугаар сард  “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК-тай  санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох хэджингийн гэрээ хийсэн байдаг. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор хийдэг гэрээ юм. Өчигдөр дэлхийн зах зээл дээр нэг барелль нефтийн үнэ 71 ам.доллароос  31 ам.доллар болж түүхэнд байгаагүй хэмжээгээр унасан нь дэлхий нийтэд анхаарал татсан асуудал болж байна.  Хэдийгээр манайд газрын тосны үнэ унах нь ашигтай ч эргээд огцом өсвөл унаснаас илүү эрсдэлтэй хэмээн албаныхан тодотгож байна. Харин Засгийн газрын өмнөөс Сингапурын хөрөнгийн биржид үнэ тогтворжуулах гэрээ хийсэн компанийн хувьд  эрсдэлтэй нөхцөл үүсэхээр байгааг шинжээчид хэлж байна. Учир нь уг компани манай Засгийн газрын өмнөөс   нэг барелль газрын тосны үнийг 64.8 ам.доллараар тооцож хэджингийн гэрээ хийсэн.  Үнийн энэ уналтын нэг шалтгаан нь дэлхий даяр тархаад байгаа коронавирусээс  үүдэлтэй зохиомол уналт учраас  вирусын тархалт 4, 5 дугаар  сард намжих үед эргээд огцом өсөхийг ч үгүйсгэхгүй.  Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үнийн уналтын нөлөө сарын дараа шатахууны үнэд нөлөөлдөг учраас ирэх дөрөвдүгээр сард үнийг 100-200 орчим төгрөгөөр буулгалаа гэхэд  магадгүй тавдугаар сард газрын тосны үнэ огцом өсч улмаар шатахууны үнийг 400-500 төгрөгөөр өсөхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс үнийн хэлбэлзлийг дагаж савлахгүйгээр 1830 төгрөгтөө хэвээр хадгалах нь  чухал.  Харин  хэджингийн гэрээ байгуулсан компанидаа уян хатан хандах хэрэгтэй болж байна.  Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард  нэг барелль газрын тосны үнэ 71 ам.долларт хүрч 0.7-0.8 хувиар өсч 70-80 төгрөгөөр нэмэгдэхээр  байсан ч үнээ тогтвортой барьсан.  Манай Засгийн газар 2019 оны долдугаар сараас хойш шатахууны үнийг 1830 төгрөгт хадгалагдсан. Цаашид эрэлт нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүссэн ч  энэ үнэд хэвээр нь барина хэмээн АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр  хэлж байна.
ОХУ,  Саудын Арабын  үнээ буулгах хүсэлтийг хүлээж аваагүйтэй холбоотой
Дэлхий даяар коронавирус тархсаны улмаас газрын тосны эрэлт буураад буй өнөө цагт хамтын ажиллагаа хамгаас чухал байв. Тиймээс ч ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн улсууд ОХУ тэргүүтэй газрын тос үйлдвэрлэгч улсуудтай гэрээ байгуулахаар гуравдугаар сарын 6-нд Вена хотноо уулзацгаасан юм. Энэхүү уулзалт ямар ч гэрээ үзэглэснээр өндөрлөж магадгүй байсан ч шинжээчдийн хүлээгээгүй үр дүн гарсан нь нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөсөн явдал байлаа. Учрыг тодруулбал, газрын тосны үйлдвэрлэлээ бууруулах хүсэлтийг нь ОХУ хүлээж аваагүй тул Саудын Араб дараагийн сараас эхлэн үйлдвэрлэлээ нэмж, үнээ бууруулна хэмээн мэдэгдэж үнийн дайн зарласан юм. Ийнхүү эл өдөр нэг баррел газрын тосны үнэ 50 ам.доллараас 45 ам.доллар болтлоо буурч, улмаар энэ даваа гариг буюу гуравдугаар сарын 9-ны өдөр зах зээл нээгдэхэд 31 ам.доллар болтлоо унасан нь 1991 оноос хойш тохиолдоогүй газрын тосны үнийн уналт болов. Сүүлийн 35 жилийн өгөгдлийг харахад газрын тосны эрэлт дэлхийн санхүүгийн хямрал болсон 2008, 2009 онд л хоёр удаа буурч байв. 2020 онд газрын тосны үнэ хэрхэх талаар хөрөнгө оруулагчдын хүлээлтийг сонирхъё. Венад болсон уулзалтаас өмнөхөн Sanford C. Bernstein-ын судалгааны байгууллагаас авсан судалгаагаар нийт хөрөнгө оруулагчдын 55 хувь нь газрын тосны эрэлтийг 2020 онд буурна, 45 хувь нь эрэлт нь өсөх ч коронавирус гарснаас болж удааширна хэмээн хариулжээ. Коронавирусаас болоод эрэлт нь буураад буй газрын тосны ирээдүй 2020 онд бүрхэг харагдаж байна. Учир нь хэдий Хятад улс дахь халдварын тоо буурч байгаа ч өдгөө бусад улс оронд өдөр бүр шинээр бүртгэгдэж буй халдварын тоо Хятадад гарч байгаагаас хэдийн даваад буй. Тиймээс цаашид коронавирусын халдвар хэрхэх талаар тодорхой хүлээлт байхгүй юм гэдгийг олон улсын эдийн засагч онцлогч байна. ОПЕК-ын өмнөх уулзалтаар ямар гэрээг үзэглэв. Газрын тосны үнийн уналт экспортлогч компаниудад цохилт болж байгаа талаар  манай эдийн засгийн экспертүүд байр сууриа илэрхийллээ.
 ЭКСПЕРТИЙН ҮГ
Зах зээлийн шинжээч, эдийн засагч Г.Ганзориг:  Үнийн уналтаас ам.доллар бусад валютын эсрэг суларлаа
– Өнөөдөр газрын тосны үнэ 1991 оноос хойших хамгийн том уналтыг үзүүллээ. Өөрөөр хэлбэл ердөө ганцхан өдрийн дотор 27 хувиар уналаа. Үүний цаад учир шалтгаан нь ОПЕК болон Оросуудын хэлцэлд хүрч чадаагүй улмаас ийм зүйл боллоо. Зах зээл дээр багагүй шуугиан үүсч байна. Газрын тос үйлдвэрлэгч томоохон улсуудын валютын  болон  бусад валютын эсрэг сулраад эхэллээ, хөрөнгийн зах зээлд ч тус төрлийн компаниудад сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө АНУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулж, ам.долларын өгөөжийг бага болгосон. Үр дүнд ам.доллар бусад валютын эсрэг суларсан. Одоо энэхүү газрын тосны асуудал гараад ирлээ. Үндсэндээ хөрөнгө оруулагчид эрсдэл багатай зах зээлийг эрчтэйгээр хайж байна. Эцэст нь Японы валют маш хүчтэй чангарах шив. Ер нь дүгнээд харахад зах зээл хөдөлгөөн ихтэй байна. Гол нь бидэнд ямар боломж байна гэдгийг л харах нь зүйтэй. Ямартай ч газрын тосны үнэ буурч буй нь бидэнд ашигтай. Манай улсын хувьд энэ нь цэвэр импорт болдог учир тэр. Түүнчлэн олон улсын зах зээл дээр позиц үүсгэж ажиллаж буй хөрөнгө оруулагчдад том боломж гэж харж байна. Зах зээлд хөдөлгөөн байх нь ашиг хийх том боломж шүү дээ.
Эдийн засагч Б.Дөлгөөн: Эрэлт буурч, нийлүүлэлт өсөх шинжтэй энэ үед газрын тосны үнэ буурах эрсдэл өндөр
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын ОПЕК-ын уулзалтаар гишүүн орнууд газрын тосны үнийг дэмжихийн тулд нийт нийлүүлэлтээ 2.1 сая баррелаар бууруулахаар хэлцэл байгуулсан. Гэвч уг хэлцэл нь энэ гуравдугаар сард дуусах юм. Хэдий газрын тосны үнэ буурах нь импортлогч орнуудад ашигтай ч экспортлогч орнууд, тэр дундаа газрын тосны үнийг өөдрөгөөр таамаглачихсан улсуудад гарз хохирол ихтэй. Жишээ нь Саудын Араб. ОУВС-ийн хэлж байгаагаар нэг баррел газрын тосны үнэ дор хаяж 80 ам.доллар байж гэмээнэ Саудын Арабын төсвийн орлого зардалтайгаа тэнцэх аж. Тэгвэл газрын тосны үнийн бууралт зөвхөн экспортлогч орнуудад бус бусад улсын ч мөнгөн тэмдэгт болон олон улсын санхүүгийн зах зээлд нөлөөлж байна. АНУ-ын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж анх удаа 0.5 хувиас доош орж, 30 жилийн бонд ч мөн адил нэг хувиас доош ороод байна. Дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн индексүүд мөн унаад байна. Үүнээс гадна нэг унц алт 1662 ам.доллар болж 0.7 хувиар унав. Газрын тосны үнийн дайнаар импортлогч буюу хэрэглэгч улсууд хождог бөгөөд эрэлт буурч, нийлүүлэлт өсөх шинжтэй энэ үед газрын тосны үнэ үргэлжилж буурах эрсдэл өндөр байна.
Эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх: Газрын тосны үнийн дайн эхэллээ
-КОВИД-19 өвчний улмаас газрын тосны эрэлт 2020 буурах төлөвтэй гэдгийг хоёрдугаар сард ОПЕК анхааруулсан. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/  нь газрын тос олборлон боловсруулагч 12 улсын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. ОПЕК-ийн зүгээс газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийг өдөрт 1.5 сая баррелиар бууруулахыг санал болгосон. Энэхүү саналыг ОХУ хүлээн зөвшөөрөөгүй. Харин Саудын Араб газрын тосны үнийг бууруулах болсноо мэдэгдсэн. Ийм нөхцөл байдал нь газрын тос олборлогч орнуудын дунд газрын тосны үнийн дайн дэгдээхэд хүрлээ. Ийм шалтгааны улмаас АНУ-ын газрын тосны үнэ өчигдөр шөнө 31 хувиар унаад байна. Ингэж буурсан нь 1991 онд болсон булангийн дайн гэх тодотголтой Иракийн дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Goldman Sachs группын зүгээс нэг баррель газрын тосны үнэ 31.02 ам.доллар болж буурсан. Цаашдаа 20 ам.доллар хүрч буурах магадлалтайг анхааруулсан болохыг Блүүмберг зэрэг томоохон хэвлэл мэдээлэл, хөрөнгө оруулалтын сангууд дамжуулж байна.  Энэ бол 2020 онд дэлхийн эдийн засагт үзүүлж буй хамгийн хүчтэй шок болох нь тодорхой боллоо.
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ