Шалган нэвтрүүлэх товчоод дээр нөхцөл байдал тайван байна
Монгол Улсад СOVID-19 халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс, хот хоорондын зорчигч тээврийн бүх хөдөлгөөнийг өчигдрөөс буюу гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд хязгаарласан билээ.
Хөдөлгөөн хязгаарласан учир аймаг, нийслэлээс орох, гарах товчоод дээр албаны хүмүүс ажиллаж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар шалган нэвтрүүлэх товчоодууд дээр нөхцөл байдал тайван байгааг Сонгинхайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж буй цагдаагийн алба хаагчид хэлж байна.
Тус товчоонд Тээврийн цагдаагийн албаны долоон алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Түүнчлэн "Иргэд шийдвэрийг дагаж, ямар нэг зөрчил гаргахгүй байгаа нь цагдаагийн алба хаагчдад дэм болж байна" хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.