УИХ-ын Тамгын газар 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй, жирэмсэн ажилтнуудаа цахимаар ажиллуулна
Монгол Улсад ажилладаг франц иргэнээс "COVID-19" илэрсэн тул УИХ-ын Тамгын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ажиллах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар 12 хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн ажилтнуудаа цахимаар ажиллах боломж бүрдүүлж, ажлын үр дүнг тооцохыг нэгжийн дарга нарт үүрэг болголоо.
УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон томоохон хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо л гэхэд УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай зэрэг 9 томоохон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хэрэгжүүлнэ. Гэвч "COVID-19"-ийн халдварын улмаас Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын хурлаас өөр хурал, зөвлөгөөн хийхийг түр хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаан, Ажлын багийн хурал, хэлэлцүүлгүүдийг Төрийн ордноос өөр газар, тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнд цахимаар зохион байгуулах хувилбарыг сонгожээ.
Мөн УИХ-ын Тамгын газрын ажилтнууд цалингаасаа 12.4 сая төгрөгийг Улсын Онцгой Комиссын хандивын дансанд шилжүүлжээ.