Гэр хорооллыг дахин төлөвлөх журамд өөрчлөлт оруулахаар болжээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна. “Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” нь зургаан бүлэг 60 зүйлтэй бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29 ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдаж байжээ. Энэхүү журмын дагуу нийслэлийн 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайд 35 байгууллага төсөл хэрэгжүүлэх эрхтэй байгаа аж.
Төсөл хэрэгжүүлэгч компаниудын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд тухайн газрын өмчлөгтэй тохиролцоонд хүрч чаддаггүй, дахин төлөвлөлтийн төслийн орон сууцны борлуулалт бага, худалдан авалт муу зэрэг шалтгаануудыг хэлсэн талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай онцолжээ. Дээрх шалтгаан нөхцөлийг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д хоёр өөрчлөлт, 10 нэмэлт заалт оруулахаар ажлын хэсэг боловсруулсан байна. Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод дараагийн хуралдаанд дахин хэлэлцэхээр тогтжээ.