Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчилнэ
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.
Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй 20 хэсэгчилсэн талбайн 15 аж ахуйн нэгжийн ажлын явцын хэрэгжилтийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцууллаа. Нийслэлийн найман байршилд төсөл хэрэгжүүлж буй эдгээр аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй байна. 2014-2019 оны байдлаар дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөллүүдтэй уулзахад хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, борлуулалтын ажлыг нь дэмжиж өгөхийг хүсдэг талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай дуулгасан юм. Тэрбээр хэлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд журмын төсөлд өөрчлөлт оруулж шинэчлэх зайлшгүй шаардлагатайг онцолсон юм.
Хотын Захирагч С.Амарсайхан гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг хохироосон төсөл хэрэгжүүлэгч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож, иргэдийг хохиролгүй болгох, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтцээ татуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гүйцэтгэгч компаниудын нэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, Эрүүгийн хуульд заасан залилан луйврын шинжтэй гэмт хэргийн үйлдэлд хариуцлага тооцуулах, холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.
Түүнчлэн журмын төслийг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс