БНХАУ-д коронавирусний халдварын наймхан тохиолдол илэрчээ
Эх газрын Хятадад нийт 80 813 хүн коронавирусний халдвар авснаас 3176 нь нас барж, 64 мянга гаруй хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.
БНХАУ-д пүрэв гарагт халдварын ердөө наймхан тохиолдол илэрч, долоон хүн нас барсан байна. Харин гаднаас орж ирсэн халдварын тохиолдол Шанхайд хоёр, Бээжинд нэг бүртгэгдэж, ийм халдварын нийт тохиолдлын тоо 88 болж нэмэгджээ.
Халдварын голомт Хубэй мужид таван шинэ тохиолдол илэрсэн нь бүгд Ухань хотод бүртгэгдсэн байна. Тус мужийн эмнэлгүүдээс 1255 хүн /Уханьд 1103/ гарч, зургаан хүн /бүгд Ухань хотод/ нас баржээ. Халдвар тархсанаас хойш Хубэй мужид нийт 67 786 тохиолдол /Уханьд 49 991/ бүртгэгдэж, 51 553 хүн эдгэрсэн бол 3062 нь /Уханьд 2436/ нас баржээ. Одоогийн байдлаар тус мужид 13 171 хүн өвчилсөн бөгөөд тэдний 3948-ынх нь биеийн байдал хүнд байна.
Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконгт 131 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барж, 75 хүн эдгэрсэн бол Макаод 10 тохиолдол илэрч, бүгд эдгэрчээ. Тайваньд 49 хүн халдварлаж, нас барсан нэг тохиолдол бүртгэгдсэн бол 20 хүн эмнэлгээс гарсан байна.
БНХАУ-д коронавирусний тархалтын оргил үе өнгөрсөн болохыг тус улсын Эрүүл мэндийн хороо пүрэв гарагт мэдэгджээ.
Montsame.mn