Берлин, Москвагаас 231 иргэн эх орондоо ирлээ
Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирж буй юм.
Иргэдийг ирсэн даруйд Энхсаран сувилал, Амар зочид буудалд 14 хоног тусгаарлах бөгөөд ЗТХЯ-ны найман автобус, эрүүл мэнд, мэргэжлийн хянал, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгаарлах байранд хүргэхээр ажиллаж буй юм. Зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх аж.
Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тусгаарлах байранд хүргэх ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор зохион байгуулж байна.
Ташрамд дурдахад, өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-аас 244 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн. Мөн МИАТ компани өнөөдөр Токио руу, энэ сарын 18-нд Истанбул руу тусгай нислэг үйлдэх юм.
Montsame.mn