Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хэвшил болгож буй нийслэлийнхэн

Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч, тархаж нийгмийг цочирдуулж буй аюулт өвчин болох коронавирусын халдвар манай улсад илэрсэнтэй холбогдуулан нийслэлийн айл өрх, албан байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран мөн өөрсдийн хэмжээнд ахуйн хүрээнд хэвшил болгож байгаа дүр зураг сүүлийн үед ихээр ажиглагдах боллоо. Тиймээс бид энэ удаа амралтын өдрүүдэд хүн ихээр зорчдог нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, банкны бэлэн мөнгөний машин зэрэг газруудыг ариутгах ажлыг сурвалжилсан юм.
- Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна -
Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, СӨХ, орон сууц, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй 37 ариутгалын байгууллага байгаа аж. Тэдгээр компаниудын зүгээс иргэдтэй хамтран ариутгах ажил тогтмол хийж байгаа юм байна. Үүний нэг жишээ бол Чингэлтэй дүүргийн "Бат-Эвсэг" Сууц Өмчлөгчдийн Холбоо 5-н байрны 14 орцны 700 м квадрат талбай, хүүхдийн тоглоомын талбайг 3 дахь удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа явдал байлаа.
Тэдний зүгээс байр, орон сууцны ариутгал, цэвэрлэгээний ажил зөвхөн үйлчлэгчээс хамаарахгүй оршин суугчдын оролцоо, сэтгэл хандлага маш чухал тул иргэд оршин суугчдад байр орон сууцандаа цэвэр цэмцгэр амьдрах, хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж буйгаа илэрхийлсэн юм. Ариутгалыг чухалчилж өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа сайн СӨХ-ийн жишээ үүгээр дуусахгүй. Зөвхөн нийтийн эзэмшлийн талбай гэлтгүй иргэн бүр өөрийн гэр, ахуйн орчин цэвэрлэгээг тогтмол хийж байгааг оршин суугчид хэлж байв.
Мөн ариутгалын "Орхон овоот"ХХК, "Мэргэн санаа ХХК", "Сан хими" ХХК-ий ариутгагч нар нийтийн эзэмшил болох орон сууцнуудын бункер, ТҮЦ зэрэг нийтдээ 778 метр квадрат, аж ахуй нэгж байгууллагын 7961 метр квадрат, орон сууцны орцуудад 28760 метр квадрат нийт 37499 метр квадрат талбайд ариутгалыг хийсэн байна.
Ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийх ёстой дараагийн чухал хэсэг бол нийтийн тээвэр. Хөл хориотой холбоотойгоор амралтын хоёр өдөр автобусын тоо харьцангуй бага байсан боловч тодорхой маршрутын дагуу, тогтсон цагтаа автобусууд иргэдэд үйлчилж байсан юм. Автобус бүр орох хаалганы дэргэд гар ариутгагч байршуулсан бөгөөд, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй гэсэн зарлалын хуудсыг цонхон дээрээ наан байршуулжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх иргэдийн ухамсар ч  өндөр болсон нь илт.
Зорчигчдын дунд амны хаалтгүй нэг ч хүн байхгүй байсан бөгөөд 0-13 насны хүүхдээ дагуулж яваа хүн бүр ч байгаагүй нь иргэдийн хандлага ЭМЯ болон холбогдох байгууллагуудаас өгч буй үүрэг, чиглэл, зөвлөмжийг сайтар биелүүлж байгааг харуулж байлаа. Нийтийн тээврээр энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол крантины үед 350 мянга гаруй зорчигчдод тогтмол үйлчилж байгааг автобусны жолооч хэлэв. Тэрбээр олон нийт эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж, халдвар тархах магадлалтай хамгийн эрсдэлтэй газар болон тээврийн хэрэгслээр шаардлагагүй тохиолдолд үйлчлэхгүй байгаад сайшаалтай хандаж буйгаа мөн хэлсэн юм.
Иргэдийн зүгээс ахуйн орчиндоо ариутгал, цэвэрлэгээг хэрхэн хийж байгааг тодруулахад:
Иргэн н.Сайннямбуу: “Манай гэр бүлийн хүн бид хоёр ажлаа гэрээсээ хийж байгаа. Өдөр бүр ЭМЯ-наас өгч буй зөвлөмж, мэдээллийг хүлээн авч, халдварт өвчин битгий тархаасай л гэж бодож сууна. Гэртээ бол ариутгалын бодисоор тогтмол цэвэрлэгээ хийж, агаар салхи оруулж байна.” гэлээ.
БЗД-ийн иргэн Ц.Цэгмид: “Хөл хорио тавьж, холбогдох байгууллага мэргэжилтнүүд хүн, хүч бүгдийг дайчилж ажиллаж байгаад иргэн миний хувьд талархууштай хандаж байна. Одоо бол иргэдээс хамаарах хувийн ариун цэвэр, ахуйн орчин нөхцөлийн цэвэр байдал хамгийн чухал асуудал болсон. Эцэг эхчүүд гараа тогтмол угааж, үр хүүхдэдээ үлгэрлэх, цонхоороо тогтмол цэвэр агаар оруулах зэрэг л байна даа.” гэв.
Халдварт өвчний тохиолдол манай улсад илэрсэн тул энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн. Харин өнөөдрөөс тэдгээр үйлчилгээний газрууд хэвийн хуваарьт шилжин ажиллана. Нийслэлээс гаргасан захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ зэрэг нийт 4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Энэ хугацаанд нийт 4759 аж ахуйн нэгж, иргэний 153575 ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүлжээ. Иргэд ч мөн өөрсдийн эзэмшлийн орон байр, хашаа хороо, талбайгаа цэвэрлэж байгаа нь өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж буй сайн жишээ болж байна.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох, нийслэл хотоос гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг өглөөнөөс нээж, найман шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлж байгаа билээ.
Тиймээс иргэд халдварт өвчлөл тархах эрсдэлтэйгээс гадна дулааны улирал эхэлсэнтэй холбоотой гэр хорооллын нүхэн жорлон, хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, өөрийн амьдарч буй орчинг ариутгаж хэвших болон нийтийн эзэмшлийн гудамж талбай, үйлчилгээний газраар биеэ зөв авч явж, маскаа зүүж, соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх эхний алхам гараа угаах гэдгийг ЭМЯ-наас тогтмол зөвлөж байгаа. Иймд та бүхэн өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас урьдчилан сэргийлж гараа угаахаа мартаж болохгүй шүү.
Erennews.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ