Баялгийн санг БАЯЛАГ БҮТЭЭГЧИД хүсдэг
ЖДҮ гэх энэ гуравхан үсэг гурван сая Монголчуудыг туйлдуулсан гэж хэлж болно. Улстөрчдөд итгэх итгэлийг бүр мөсөн үгүй хийж ард түмнийг мэхлэв. Ингэж монголчууд өөрсдийн сонгож төрд гаргасан улстөрчдөөс молиг үмхсэн “шок”-ноос одоо ч гараагүй байна. Үүнээс үүдэн САН гэгчийг увайгүй улстөрчдийн мөнгө гоожуулах “цоорхой” гэж ойлгох болов.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ажлаа авсан даруйдаа “Баялгийн сан”-г дэлхийн жишгээр байгуулах тухай ярьж эхэлсэн. Эхлүүлснээ ажил хэрэг болгохоор зэхэж баялгийн сангийн хуулийн төслийг өргөн барих цаг ойртжээ. Гэвч олон нийт баялгийн санг ЖДҮХС-тай зүйрлэн жишиж мөнгө “хусах” гэлээ хэмээн мушгиж байна. Гэхдээ баялгийн сан бол ЖДҮХС-аас тэс өөр. Хэрэв хурааж хуримтлуулж чадвал хувьсал, хөгжлийг авч ирэх “алтан” боломж. Гагцхүү томоор харж, итгэл өвөрлөх л чухал байна.
Хэрэв баялгийн сангаа бүтэлтэйхэн байгуулж чадвал бидэнд бүгдээрээ “баяжих” боломж бий. Өмнөх шигээ халамж нэрээр үрэн таран хийж улсын мөнгийг увуулж цувуулаад дуусах биш. Харин улс, эх орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдийг санхүүжүүлж эргээд тэндээс хэд нугалсан ашиг олж болмоор санагдах. Ашгаараа сангаа улам бүр баяжуулж ирээдүйдээ жинхэнэ утгаар нь өв үлдээж болно. Энд дэлхийн хамгийн баян сан болох Норвегийн “Баялгийн сан”-г жишээ болгоё.
Норвегийн “Баялгийн сан” буюу “Тэтгэврийн сан” /Government Pension Fund - Global/ 1990 онд үүсэн байгуулагдсан. Энэ сангийн зорилго нь хэзээ нэгэн цагт шавхагдаж үгүй болох байгалийн баялгаас олох ашгийг цаашид ирээдүйн иргэддээ удаан хугацаанд хүртээмжтэй байлгахад оршдог байна. Өөрөөр хэлбэл байгалийн баялгаас олох ашгийг ЖДҮС гэх мэт цөөн тооны зорилтот бүлэгт зориулсан сангаар дамжуулан тэнцвэргүй хуваарилах бус иргэн бүрт тэгш оногдох баялгийг урт хугацааны турш өгөөжтэй байлгах нь Норвегийн сангийн гол ажил.
Норвегийн сан нь “Microsoft”, “Apple”, “Samsung” зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудад хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Нийт дэлхийн 72 оронд үйл ажиллагаагаа явуулдаг 9146 компанид хөрөнгө оруулалт хийсэн тухай тайлан гарч байжээ. 2019 оны байдлаар уг сангийн нийт хөрөнгө нь нэг их наяд ам.долларт хүрч дэлхийн нийт эдийн засгийн 1.3 хувийг бүрдүүлэх болжээ. Өнөөдрийн байдлаар нэг иргэнд оногдор ногдол ашиг нь 177 мянган ам.долларт хүрчээ.Мөн Норвегийн сан нь алсыг харсан урт хугацааны найдвартай хөрөнгө оруулалт хийдэг учир олон улсын хөрөнгийн зах зээлд Норвегийн сангийн санхүүжилт авсан аливаа байгууллага болон түүний төсөл болон зээлийн бондууд нь AA+ болон түүнээс дээш зэрэглэлийн үнэлгээтэй байдаг.
Тэгвэл Норвегийн баялгийн сангаас хөрөнгө оруулалт авсан “Apple” компанийн адил амжилт олох төсөл биччихээд цүнхлээд алхаж буй залуус Монголд бий.
Санхүүжилтгүйн улмаас улсын эдийн засгийг бүхэлд нь эргүүлж ч мэдэх үнэ цэнэтэй төслөө хогийн саванд шидчихээд хаа нэгтээ гудамжинд тамхи татангаа зар эргүүлсэн шиг ажил хайж эсвэл “Гадаад л гаръя” гэж тэмүүлэх залуу үеийг үнэ цэнэтэй төсөлтэй нь хамт эх орондоо үлдээх нь чухал байна.
Томоохон бизнесийн байгууллагаас хөрөнгө оруулалт татаж чадсан олон сайн төслүүд бий. Израйл улс гэхэд “Startup бизнесийн улс” гэж өөрсдийгөө зарлаад удаж байна. Арабууд нефтээрээ алдартай тул тэндээс олсон орлогоороо аялал жуулчлалын салбараа хөгжүүлээд ашгаар нь баялгийн сангаа бүрдүүлж байх жишээтэй. Монгол залуус ч дэлхийн энтэй сэтгэж чадаж байна. Гагцхүү санхүүжилт л дутмаг байгаа нь тэднийг шантраах нь бий.
Уламжлалт хэв маягаас хэдий нь дижитал эринд шилжсэн цаг үед амьдарч байгаагийн хувьд залуу үеийг дэлхий дэмжиж эхлээд байна. Монголд ч залуусыг дэмжье.
Улс орны ирээдүйн хөгжил, гадаад дахь монголчуудад эргээд эх орондоо тэмүүлэх хүсэл зорилго өвөрлөсөн гадаад дахь монголчуудаа орон сууцжуулах, ажлын байраар хангах, гарааны бизнесийг нь дэмжих “ИХ ГЭР” төслийг онцлох гэсэн юм.
Өнөөдөр хилийн чанадад 175 мянган монголчууд амьдралын төлөө зүтгэж явна. Гэхдээ тэдний дийлэнх нь харьж ирээд амьдрах байр, орон сууцгүй байгаа нь харамсалтай. Зарим нь махартал зүтгэж байж олсон хэдээ монгол руу шилжүүлээд л байдаг. Гэтэл ард үлдсэн ар гэрийнхэн итгэл алдаж, сэтгэл алдарч мөнгө ч үгүй, хүн ч үгүй алга болох тохиолдол цөөнгүй байдаг аж.
Тиймээс олсон мөнгөө монгол руу шилжүүлэх биш, хилийн чанадаас гар утсаараа л байраа сонгоод захиалчихаж болох технологийн дэвшлийг ч “ИХ ГЭР” төсөлд тооцоолжээ.
Энэ мэт хэтийг төлөвлөсөн ирээдүйтэй төсөлд баялгийн сангаасаа хөрөнгө оруулалт хийж бүтээхсэн гэхээс “асч” яваа залуу үеийг дэмжиж, тэдний санааг мөнгө болгож чадвал нийгэмд, эдийн засагт ч ашиг, амжилт авчрах боломж харагдаж байна. Нэг ёсондоо залуусын төслийг дэмжиж тэндээс ашиг олно. Түүгээр баялгийн сангаа бүр баяжуулах боломжтой гэж харж байна.
Баялгийн сан гэж юу вэ?
Байгалийн баялагтай улс орнууд л баялгийн сантай байдаг. Учир нь баялаг дуусдаг. Баялгаа дуусгачихаад “Бид баялагтай оронд амьдардаг байлаа” гэж харамсан ярих биш баялгийнхаа буянаар ийм амьдарч байна хэмээн ярьж суух бардам ирээдүйн төлөө дэлхийн улс орнууд баялгийн санг бий болгодог. Тэнд ирээдүйд зориулж хуримтлал бий болгодог. Баялгийн сан гэдэг ердөө л энэ.
Баялгийн сан бол хэн дуртай нь халдаж болохгүй хамтын үнэт зүйл байх ёстой. Эхний ээлжинд баялгийн сан өөрөө өөрийгөө авч явах, ашгаа хийх, дараа нь олсон ашгаасаа иргэддээ тарааж өгөх, итгэж болох орон, итгэж болох хүмүүст л хөрөнгө оруулах хэлбэр баялгийн санг хамгийн тогтвортой, үр өгөөжтэй байлгадаг гэж эдийн засагчид үзжээ.
Монгол Улсын өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд нэн тэргүүнд эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх, стратегийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улс орны ирээдүйн орлогын түвшнийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм-эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Эдгээр шаардлагыг хэрхэн шийдэх вэ?
Олон улс дахь сайн туршлагыг судлан, өөрийн орны нөхцөл байдалд харьцуулан дүн шинжилгээ хийж үзэхэд ашигт малтмалаас олох орлогыг зүй зохистой зарцуулахын сацуу ирээдүй хойч үед зориулан хуримтлуулах замаар үр өгөөжийг бий болгодог “БАЯЛГИЙН САН”-г байгуулах нь эдгээр шаардлагыг хэрэгжүүлэх хамгийн үр нөлөөтэй арга зам.
Олон улсад баялгийн сангийн дараах 3 төрлийг зонхилон байгуулдаг туршлага давамгайлж байна. Үүнд:
1.Ихэвчлэн ашигт малтмалын түүхий эдийн орлогоос орлого төвлөрүүлэн дотоодын валютын ханш болон хүүгийн төвшинг тогтворжуулах зорилго бүхий “Тогтворжуулалтын сан”,
2.Зөвхөн бэлэн мөнгө болон тогтмол орлоготой үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж алдагдалтай хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийн алдагдсан боломжийн өртөг бий болохоос урьдчилан сэргийлэх, мөн төв банкны нөөцийн зохистой төвшинг хангагдсаны дараа үлдэх валютын нөөц хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийн ашиг олж өгөөж хүртэх, гадаад валютын активд хөрөнгө оруулалт хийх замаар импортын бараа бүтээгдэхүүн худалдан авах, гадаад валютаар үнэт цаас гаргах зэрэг үндсэн зорилт үйл ажиллагааг эрхэлдэг “Нөөц-хадгаламжийн сан”,
3.Эдийн засгийн төрөлжилт, стратегийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг нийгэм-эдийн засгийн зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг холдинг компаниудыг байгуулж, гадагшаа-дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийдэг “Хөгжлийн сан”
Манай улсын хувьд тогтворжуулалтын болон хадгаламжийн төрлийн сангуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан. Монгол Улсад өмнө байгуулагдаж байсан Хүний хөгжил сан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хүрээнд бий болсон Ирээдүйн өв сан зэргийг харьцуулан судалсны үндсэн дээр “Хөгжлийн сан” буюу “Монгол баялгийн сан”-г бий болгох нь нэн тохиромжтой гэж хуулийн төслийг боловсруулагчид үзжээ.
Монгол Улсад баялгийн сан хэрэгтэй юу?
Баялгийн сан байгуулснаар Монгол Улс үндэсний баялгаа арвижуулах, үр өгөөжийг нь одоо ба ирээдүй үед санхүүгийн өгөөжтэйгөөр хүртээх зэрэг эерэг үр дагавартай. Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах, түүнийг дагасан дэд бүтцийн төсөл, мега болон нийгмийн хөгжлийг дэмжих төсөлд хөрөнгө оруулалт хийснээр Улсын төсөвт ирэх ачааллыг багасгах ач холбогдолтой.
Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай салбарууд болох уул уурхай дагасан дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэн дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглан баялгийн санд орлого хуримтлуулах. Хуримтлуулсан орлогоос “Том хэмжээний” буюу улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд нөлөө үзүүлэхүйц, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас дээш хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг мега төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай байгаа нь Баялгийн сан байгуулах хэрэгцээг бий болгож байна.