Н.Лүндээжанцан: Гарцаагүй хэдэн өөрчлөлтийг хийхгүй бол цөмөөрөө шороотой хутгалдана
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын үеэр гишүүд юу ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Өөрийнхөө тухай товч тодорхойлолт хэлье. Би төрөлхийн чанга ярьдаг. Угаасаа ийм байсан. Хүүхэд байхдаа Үндэсний бөхийн холбоонд бөх тайлбарладаг байсан юм. Одоо жаахан эр хонгор дуутай ч юм уу, хаашаа юм. Тэгээд ингэж ярьдаг юм. Сүүлийн үед би Нямдорж гуайд загнуулж байгаа. Өнөөдөр Намын даргадаа загнууллаа. Түрүүнд Даваасүрэн бас загнаад байх шиг байна. Угаасаа л ингэж ярьдаг юм чинь, ямар хоолойгоо солилтой биш. Шивнэж ярьж чадахгүй. Би нэг зүйлийг ярьж байгаа. Намын Удирдах зөвлөл дээр энэ асуудлыг ярих хэрэгтэй. Би Намын даргыг үг хэлж байхад нь “…Ямар, ямар компани, хэн хэн дээр хэрэг байгаа юм бэ. Тэрийг нь хэлчихээч” гэхээр “…Чи одоо үг сөрлөө” гээд загнах юм. Том гал болсон шүү. Хувинтай ус цацаад энэ галыг унтраана гэж байхгүй. Тийм учраас том дүр зургаар харах хэрэгтэй. 2020 оны сонгууль хаяанд ирсэн. Ийм учраас би асуудлыг Удирдах зөвлөл дээрээ ярья гээд байна. Түрүүнд Даваасүрэн “…Чи Удирдах зөвлөл дээр асуудал хэлэлцэнэ гээд тавьтиргүй юм битгий яриад бай” гэж хэллээ. Би Даваасүрэнгээр тавьтиргүй, тавьтиртайгаа хэлүүлэхгүй. Би Даваасүрэнг АН-тай нийлж энэ Ардын намыг дөрвөн жил шааж явахад сайн, муу ч гэсэн өнгөрсөн дөрвөн жил гудамжинд энэ сөрөг хүчний чинь Ерөнхий нарийн бичгийн дарга хийж, өнөөдрийн ялалтын төлөө жагсахдаа жагсаад, орилохдоо орилж, цагдаад баригдахдаа баригдаад явж байсан юм. Ер нь цаашдаа Даваасүрэнгийн асуудлыг ярих цаг болсон шүү. Сая би “…Чам дээр асуудал байгаа” гэдэг үгийг сонслоо. Ямар асуудал байгаагаа би мэдэж авъя гэж бодож байна. Иймэрхүү зүйлийг тогоон дотроо ярьсан нь дээр. Бүлэг дээрээ ярихгүй хаана ярих юм бэ. УИХ-ын чуулган дээр намын нэр хүнд гээд дуугүй суудаг. Өнөөдөр тэвчихгүй болохоор нь үг хэлсэн. Намын дарга надтай санал нэг байна гэж хоёр удаа хэлж байна лээ.
Тэгэхээр би Намын даргыгаа надтай санал нэг байгаа юм байна гэж ойлгож байгаа. Ийм л зүйл байна. Энэ цаашдаа хүндэрнэ. Хүндрээд явбал бид нар юугаа ярьж, хуйхаа маажих юм бэ. Засгийн газрын гишүүдээс хариуцлага алдсан, бусад нэр холбогдсон хүмүүс байвал оруулж ирээд хариуцлагыг нь тооц оо. Иймэрхүү зоригтой алхам хийж байж бид цаашаа явна. Тэрнээс биш нэг хэсэг нь уснаас хуурай гарах гэсэн PR-аар явахгүй ээ” гэв.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “…Яаж 2020 оны зургадугаар сарыг үзэх вэ. Хийж бүтээх ажилд маш богинохон хугацаа үлдэж байна. Хэрүүл тэмцлийн хувьд маш зүдгүүртэй урт хугацаа туулж чадах юм уу. Наана нь сөхрөөд унацгаах юм уу, мэдэхгүй. Яаж 2020 оны зургадугаар сарыг хүргэх вэ гэхээр ерөөсөө хаяа харагдахгүй байна. Үүнтэй холбогдуулаад гурван том субъектийн асуудал гарч ирээд байна. Нэгдүгээрт, УИХ тэсэх эсэх асуудал. Хоёрт нь, намаа шороотой хутгачихмааргүй байх юм. Гуравт нь, Засгийн газрын тогтвортой байдал гэсэн гурван асуудал дээр ямар гарц гаргалгаа байж болох вэ. Ингээд бодохоор их л зовлонтой болчихоод байгаа юм. 1990-1992 онд АИХ, УБХ хоёр таван жилийн хугацаатай байгуулагдаад АИХ нь УБХ, Засгийн газраа авч хаячих гэж зовоогоод болохоо байсан. Тэгэхэд УБХ дээр нь 20 дугаар тогтоолд 13 гишүүн холбогдчихоод, бас л их хүнд үеийг туулсан. Тэгээд хоёр жил болоод шинэ Үндсэн хуулиа баталсан. Тэгээд таван жилийнхээ хугацаанаас татгалзаад шинэ УИХ-д эрхээ шилжүүлж байсан. Бүр аргаа барахаар бол гарцаагүй хэдэн өөрчлөлтийг хийхгүй бол бид цөмөөрөө шороотой хутгалдана. Энэ дотроос хожигч, ялагч нэг ч хүн гарахгүй. Цөмөөрөө унана, тэр бол ойлгомжтой.
Зарим нь сайхан, зарим нь гарцаагүй юманд холбогдсон гээд байх юм байхгүй. Энэ 2016-2020 оны парламент хамтаараа хариуцлагаа хүлээнэ. Батзориг гишүүний тухайд гишүүд бүлэг дээр эхлээд урьдчилсан дүгнэлт хийгээд ярьж болохгүй. Мэдээж хэрэг бид энэ нөхрийгөө сэтгэл санаандаа байнгын тээж яваа. Харин одоо цаашдаа яах юм бэ. Хамгийн наад зах нь сэтгэлийн хөдөлгөөн гэдэг юм уу, бухимдлыг дээд зэргээр барь. Бүр болохгүй бол хэлээ хаз гэж зөвлөмөөр байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь “…Юуны түрүүнд бүлгийнхээ, журмынхаа нөхдөөс уучлалт хүсмээр байна. Яагаад вэ гэхээр миний ч хувьд бас нэр бүхий гишүүдийн хамтаар ЖДҮ гэдэг юмтай холбогдчихоод явж байгаа. Сүүлдээ хүний нүүр харахын эцэсгүй болчихоод байна. Хүнтэй уулзалдаж, тааралдахаар духан дээрээ гурван үсэг бичсэн юм шиг байж байна. Ар гэрт ч гэсэн маш ихээр нөлөөлөөд байна. Ядаж байхад шинэ гишүүн болохоор үнэнээ хэлчих юм. Баахан микрофонтой улсуудаас зугтааж барьж чадахгүй юм. Микрофонтой баахан сэтгүүлч бүччихээр байдаг үнэнээ, бас буруу тайлбар хэлчихээд байх юм. Тэр болгондоо үнэхээр та бүхнээсээ уучлалт гуйя. Намын дарга, Ерөнхий сайд өнөөдөр чуулган дээр хүртэл хэлж байна лээ. Түрүүний бүлэг дээр ч гэсэн хэлсэн. Яг тэр дагуу эхний нэг, хоёр, гурван гишүүн өрөө барагдуулсан. Ямар ч байсан Энхбаяр, Учрал, миний бие гэх мэтээр бушуухан зээлнээсээ салсан. Хэдийгээр хэцүү ч гэсэн нийгмээс, сонгогчдоос уучлалт гуйж, ёс зүйн алдаа боллоо гэдгийгээ хэллээ. Гэхдээ тав, зургаан гишүүнийг фокуслоод байж байна. Ингэж цөөхөн хэдэн гишүүн рүү дайралтууд үүсээд байх шиг байгаа юм. Түрүүнд Энхтүвшин дарга тэнэсэн тоо байна. 37, 43, 50 орчим гишүүдтэй холбогдсон байна гээд байна. Нэгэнт холбогдож байгаа юм бол тав ч байна уу, 40 ч байна уу, 50 ч байна уу бүгдээрээ холбогдоно шүү дээ. Намын нэрээр суудал авчирсан гишүүдээ ингэж зохион байгуулалттайгаар бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр балбуулаад байгаа нь миний хувьд аягүй эмзэг тусч байна. Намын хэвлэл мэдээлэл хаана байна вэ, эсвэл Засгийн газрын хэвлэл мэдээлэл хаана байна вэ, энэ бүлгийн хэвлэл мэдээлэл хаана байна вэ. Бид нарыг өмөөрдөг, хамгаалдаг улсууд байна уу? ЖДҮ-гийн араас ургийн модны асуудал, дараа нь тендер, концессуудыг, тэгээд УИХ-ыг тэр чигээр нь тараана гээд бүх л бүтэн сценари явж байгаа. Тэр сценарит нь бид нар хохирогч болоод үлдчихдэг. Сүүлдээ тав, зургаан гишүүн нь муухай харагдаад Батзориг ёс зүйн хариуцлага үүрээд, сайдаасаа огцроод, одоо бүр прокурорын дүгнэлт нь гарч ирж байна. Энэ Батзоригийн хувьд бол заавал бүлгийн шийдвэр гаргах ёстой. Улс төрийн шийдвэр гарах ёстой. Батзоригийг өнөөдөр чуулган дээр АН-ын гишүүд намынхаа даалгаврыг биелүүлсээр байгаад золиос болоод явчихлаа гэж ярьж л байна.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин