Ирэх даваа гарагаас 65 мянган угаар мэдрэгчийг дахин тараана
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 4 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Ххурандаа Г.Нэргүй “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их гардаг. Иймд эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв. Мөн дулааны улирал ирж байгаатай холбогдуулан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын солиболцол өөрчлөгдөж, угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулсан юм.
Монгол Улсын нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол нийслэл хотын нутаг дэвсгэрийн тухайд хот орчмын уул, голын сав газрын 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор томоохон газруудын сав газар, цас ихтэй нутгуудаар шар усны үер буух эрсдэлтэй бий. Иймд иргэд, аж ахуйн нэгжид шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Шар усны үертэй холбоотойгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулаад байгаа юм.
Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид Улаанбаатар хотын гурван авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, таван хяналтын цэгүүдэд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд 24 цагаар хяналт тавьж ажиллаж буй.НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил “Өнгөрсөн өдрүүдэд нийт 28900 тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийлээ. Үүнээс 592 тонн нүүрс тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлтэй нэвтэрсэн 1152 тонн нүүрс тээвэрлэсэн 54 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн. Өнгөрсөн өдрүүдэд нийслэл хотод түүхий нүүрс түлсэн зөрчил илэрсэнгүй” гэв.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн үзлэг хийж, иргэдийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч байна. Шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэхэд 1398 төрийн албан хаагч, 420 чиглэлд ажиллаж, 1308 зөрчил илрүүлжээ. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр хэлэхдээ “Монгол Улсад коронавирусын сэжигтэй тохиолдол 258 бүртгэгдсэнээс ажиглалтад 1337 хүн бий. COVID-19 онош тогтоогдсон иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хяналт тавин ажиллаж байгаа” гэв.
Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаях, ил задгай бие зассан иргэдэд хариуцлага тооцож, хяналт тавьж ажиллах захирамжийн хүрээнд холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.Түүнчлэн НОБГ-ын 22 машин болон ТҮК-ийн хог ачдаг машинуудын дуут дохиогоор угаарын хийнээс сэрэмжлүүлсэн зөвөлгөөг хүргэж байна.Иргэдийн зүгээс зөвлөмж зөвлөгөө, сэрэмжлүүлгийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл “Service center” төвийн 70119400 утсаар авч болох юм” гэлээ.
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчилжээ. Иргэдийн хувьд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг www.mgov.mn сайтад хандаж цахимаар авах боломжтой юм байна.
Цахим хурлын үеэр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд асуулт асуух бүрэн боломжтой юм. Энэ удаагийн хурлын үеэр иргэдийн зүгээс угаарын хий мэдрэгч аваагүй айл өрхүүдэд дахин тараах эсэх талаар асууж тодруулахад, нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “65 мянган угаарын хий мэдрэгч БНХАУ-ын Эрээн хотод ирсэн байгаа. Гаалийн бүрдүүлэлт хийгдээд явж байна. 65 мянган угаарын хий мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана” хэмээн хариуллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс