Засгийн газар “Жаст”-ын Ш.Батхүүгээс сэтэрхий тэвнэ ч авч чадахгүй бололтой



Хамтрагчдаа сая хүрэхгүй төгрөг төлж чадахгүй луу унжин, хэл ам таталж байсан, хэний ч мэдэхгүй “Жаст групп” гэдэг компанийн захирал Ш.Батхүү гэх залуу энэ явдлаас хэдхэн сарын дараа Монголын хамгийн амжилттай бизнесмен болж хувирсан нь ямар гээчийн шидийг олж, тэнгэрээс од шүүрэв гэж бизнесийнхэн төдийгүй олон нийт хүртэл өвөр хоорондоо ярьж байсан юм даг. Бүхэл бүтэн банк худалдан авч, Монголыг хэрсэн махны үйлдвэр, шатахуун түгээх станц, агуулахын сүлжээтэй болсон. Тэр ч бүү хэл, нөөцөөрөө гадаад, дотоодынхны шүлсийг асгаруулсан Олон овоотын алтны ордын лицензийг халаасалсан байдаг. Бараг нүд ирмэхийн зуур Монголын шилдэг бизнесмен, чинээлэг хүмүүсийн нэг болсон энэ эр эцэстээ хэн болж хувирсан, одоо ямархуу байдалтай байгааг хүмүүс мэдэх хойно олныг нуршаад илүү биз. Төлбөрийн чадваргүй, дампуурахдаа тулаад байсан “Жаст групп” компани, хэн ч танихгүй шахам Ш.Батхүү бизнесийн дээд эрэмбэд хэдхэн сарын дотор хэрхэн гарав гэдэг нь сонин. Түүнийг ийн богино хугацаанд хөрөнгөжсөнийг Ерөнхий сайд асан нэгэнтэй холбоотой гэж тухайн үед ярьдаг байсан. Бизнесийн ертөнцөд богино хугацаанд гарч ирсэн шигээ тэрбээр нэг л өдөр арчигдсан билээ.
Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хэцүү нэртэд сууж буй энэ хүний өдүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөд дуусаж, Монголын хууль сахиулах байгууллагынхан хүссэн хүсээгүй суллах гэж байгаа талаар хэвлэлд мэдээлэх болов. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан энэ талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Харин шүүх, прокурорынхон Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй хэмээж байгаа.
Ашиглалтад орсон цагаасаа Монголын эдийн засгийн зүтгүүр болж ирсэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”-ын эрх бүхий хүмүүсээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 110 сая ам.доллар зээлж (зарим мэдээллээр түүнийг 160 сая ам.доллар зээлсэн гэдэг ч 50 сая нь хаачсан нь тодорхойгүй. Магадгүй зээлийн баталгаа гаргасан, гаргаагүй хэмээж буй албан тушаалтнуудад өгсөн байх гэх хардлага нийгэмд бий) түүнийгээ төлөөгүйгээс Монгол Улс арбитрын шүүхэд ялагдаж, саалийн ганц “үнээгээ” тавиад туучихдаа тулсан. Эрх баригчид дээр дооргүй сандарч, эцэст нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц сангаас 40 сая ам.доллар гаргуулан, зуучлагч байгууллагаар дамжуулан төлсөн билээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Жаст групп” ХХК нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банканд хүү, алдангийн хамт 17.9 сая гаруй евро төлөхөөр болжээ“Стандарт” банкны өрийг барагдуулж, саалийн ганц “үнээгээ” бойнд өгчихлгүй авч үлдсэн тухайгаа Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар дайнд ялсан баатар аятай ам уралдан баяртайгаар мэдэгдсэн. “Жаст групп” ХХК-ийн өмнөөс төлсөн дээрх 40 сая ам.долларыг тус компанийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах замаар улсыг хохиролгүй болгоно гэдгээ ч тэд хэлсэн. Гэвч энэ нь гал унтраах төдий түр зуурын арга хэмжээ байсан нь тодорхой болов. “Жаст”-ын Ш.Батхүүгээс Засгийн газар сэтэрхий тэвнэ ч авч чадахгүйд хүрч мэдэхээр байна. Учир нь Ш.Батхүү хэмээх энэ зальт эр компанийнхаа бүх эд хөрөнгийг бусдад хууль бусаар шилжүүлсэн (тухайлбал, “Магнай трейд” компанитай хуурамч өр төлбөр бий болгон шатахуун түгээх станцынхаа нэг хэсгийг шилжүүлсэн нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэх юм билээ) төдийгүй олон улсын банканд барьцаалсан байсан нь тодорхой боллоо. Үүнийг нь эрх баригчид мэдээгүй гэж баймааргүй.
1963 оны аравдугаар сард байгуулсан, НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэлтэй, Москва хотод төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны хувьцааны тодорхой хэсгийг Монгол Улс эзэмшдэг. Байгуулсан цагаас нь үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн төдийгүй тус банкны Удирдах зөвлөлд төлөөлөгчөө тогтмол суулгасан байдаг. Одоо тус банкны Удирдах зөвлөлд Монгол Улсаас Г.Цэрэнпүрэв (ХОТШ буюу Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банкны захирал асан) хэмээх хүн суудаг юм гэсэн.

“Жаст групп” ХХК-ийн барьцаалсан хөрөнгийг 30 хоногийн дотор Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны мэдэлд шилжүүлэхээр давж заалдах шатын шүүхээс шийдвэрлэсэн байнаШ.Батхүү нь “Жаст групп” ХХК болон “Жаст ойл” ХХК-ийн нэр дээрх газар, шатахуун түгээх станцууд, нефтийн агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 2008 оны арванхоёрдугаар сарын 15-нд ¹ 10к/08 дугаар бүхий зээлийн гэрээгээр Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкнаас 11 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай 12 сая еврогийн зээл авчээ. Гэвч авсан зээлээ төлөөгүй төдийгүй тус банканд барьцаалсан нэр бүхий 33 үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалан” Голомт” банкнаас мөн л их хэмжээний зээл авсан байна. Энэ банкнаас авсан зээлээ ч төлөөгүй нь хууль хяналтын байгууллагуудын мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
-Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны ¹ 10к/08 тоот зээлийн гэрээгээр 12 сая еврогийн хэмжээтэй мөнгөн хөрөнгийг жилийн 11 хувийн хүүтэйгээр зээлийн эхний гүйлгээ орсон өдрөөс хойш 48 сарын дараа эргэн төлөх нөхцөлтэйгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах нефть бааз, шатахуун түгээгүүрийн газрын барилгын шинэчлэлт ба өргөтгөлийн ажлыг санхүүжүүлэх зорилгоор олгохоор тохиролцсон. Банкны зүгээс 10к/08 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлдэгч “Жаст групп” ХХК-д 2008 оны арванхоёрдугаар сарын 23-нд эхний гүйлгээгээр 7.2 сая, дараа нь 800 мянган еврог, 2009 оны хоёрдугаар сарын 19-нд дөрвөн сая еврог тус тус шилжүүлсэн болно. Гэвч зээлдэгч “Жаст групп” ХХК нь 10к/08 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хүү болон зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн байна. Талууд үүсэн нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор хийсэн хэлэлцээрүүдийн дүнд 2013 оны гуравдугаар сарын 1-ний ¹ 3 тоот зээлийн гэрээний нэмэлт хэлэлцээр хийж, зээлийг төлөх эцсийн хугацааг 2013 оны дөрөвдүгээр сарын 30 байхаар тохиролцсон.
Гэтэл зээлдэгч “Жаст групп” ХХК нь 03 тоот нэмэлт хэлэлцээрээр тогтсон хугацаанд тохиролцсон хэмжээний зээлийг эргүүлэн төлөөгүй. Зээлийг төлүүлэх талаар удаа дараа хэлэлцсэн боловч ямар нэг үр дүн гарсангүй. Иймд Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны зүгээс “Жаст групп” ХХК-иас ¹ 10к/08 тоот зээлийн гэрээ, 2013 оны гуравдугаар сарын 1-ний ¹ 3 тоот зээлийн гэрээний нэмэлт хэлэлцээрийн дагуу олгосон үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 11 сая 20 мянган евро, зээлийн хүү нэг сая 565 мянга 124 мянга, алданги таван сая 347 мянга 619 евро, нийт 17 сая 932 мянга 743 евро буюу 42 тэрбум 45 сая 183 мянга 593 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна гээд 10 гаруй аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байрлах, тус компанийн шатахуун түгээх станцууд, газар, нефтийн агуулах, автобаазын тоног төхөөрөмж, машин, техник, бусад эд хөрөнгийн хамт өмчлөлдөө шилжүүлэн авахыг хүссэн байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн 2014 оны наймдугаар сарын 4-ний 3225 тоот шийдвэрээр дээрх нэхэмжлэлийг үндсэнд нь хангуулахаар болжээ.
Дээрх шүүх хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг нэхэмжлэгч Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк эс хүлээн зөвшөөрч, давж заалдсан юм байна. Иргэний хэргийн давж заалдах шатны X шүүх тус банкны гомдлыг хүлээн авч 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд хэлэлцжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан ч талууд эвлэрэн хэлэлцэх тухай ярилцаж байгаа. Нэхэмжлэгч нь “Жаст групп” ХХК-ийг хариуцагчаар татан, эднийхтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн нийт 17.9 сая 743 мянган евро буюу 42 тэрбум 45 сая 183 мянган төгрөгийг барьцаа хөрөнгөөр гаргуулахыг хүсжээ. Шүүх 36 тэрбум 594 сая төгрөгийн шаардлагыг хангаж, таван тэрбум 450 сая төгрөгийнхийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк
ны гишүүн орон. Тиймээс Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх үүрэгтэй. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхээр нэхэмжлэгч тал нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк болох бөгөөд хариуцагчаар “Жаст групп” ХХК-иас 2008 оны арванхоёрдугаар сарын 15-нд байгуулсан ¹ 10к/08 тоот зээлийн гэрээний дагуу 17 сая 932 мянган еврог үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэн гаргуулахтай холбоотой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна” гэжээ. Эвлэрлийн гэрээ ёсоор зээл авахдаа “Жаст групп” ХХК-ийн барьцаалсан бүх хөрөнгийг хуанлийн 30 өдрийн дотор Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны эзэмшилд, түүний нэр дээр шилжүүлнэ гэсэн байна.
Түүнчлэн шилжүүлж буй хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, гуравдагч этгээд болон улс оронд амлалт өгөхгүй, гэрээ, хэлцэл байгуулахгүй байх үүрэг хүлээсэн аж. Дээрх хоёр шатны шүүхийн шийдвэрээс харвал “Жаст”-ын Ш.Батхүү бүх хөрөнгөө гадаад, дотоодын банкны барьцаанд тавьжээ. Түүнд зарж борлуулах хөрөнгө бараг үлдээгүй юм биш үү. Тэгэхээр Засгийн газар “Стандарт” банкны өрийг барагдуулахаар зуучлагч компанид төлсөн 40 сая ам. доллароо Ш.Батхүүгээс олж авна гэдэг нь үлгэр болох бололтой. Хууль хяналтын байгууллагаас битүүмжилсэн гэх “Жаст групп” компанийн хөрөнгүүдийг борлуулах юм бол хувьцааг нь эзэмшдэг, гишүүн нь болсон олон улсын банкныхантайгаа манай Засгийн газар шүүхдэхэд хүрэх нь.

Д.ГалданЭх сурвалж: Өнөөдөр сонин 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ