БНСУ-д суралцдаг монгол оюутнуудын анхааралд
БНСУ-д суралцаж байгаад Монгол Улсдаа түр хугацаагаар ирээд COVID-19 тархалтын улмаас нислэг цуцлагдан Солонгос улсад оршин суух хүчинтэй хугацаа нь дууссан оюутнуудад хандан ГХЯ-ны Консулын хэлтсээс мэдээлэл хүргэж байна.
Түр хугацаагаар ирсэн оюутнууд сургуульдаа эргэн суралцахын тулд гадаад иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хилээр нэвтрэх ёстой байдаг. Консулын хэлтсээс 3-р сарын сүүлээр нисэх Asiana Airline-ийн тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг тус авиа компани руу холбогдож лавлахыг зөвлөжээ. Хэрэв нислэг зогссонтой холбоотойгоор хилээр нэвтэрч чадаагүй байхад оршин суух үнэмлэхний хугацаа нь дууссан тохиолдолд элчин сайдын яаманд шинээр оюутны виз мэдүүлнэ.
БНСУ-ын элчин сайдын яамны зүгээс Монгол оюутнуудад виз мэдүүлэх хөнгөвчилсөн журмаар виз мэдүүлэх буюу зөвхөн “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ” байхад л визээ мэдүүлэх боломжтой болгож дэмжлэг үзүүлж байгаа билээ. Энэхүү журмаар мэдүүлсэн тохиолдолд 3 хоногийн дотор хариуг олгож байгаа аж.
Зарим нэг сургуулиас тус гэрчилгээг олгохгүй байгаа талаарх гомдол их байгаа хэдий ч, Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийн дагуу “Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ” нь зайлшгүй шаардлагатай бичиг баримт учир заавал бүрдүүлж өгөх ёстойг анхааруулж байна.
Энэхүү гэрчилгээтэй холбоотойгоор БНСУ-ын элчин сайдын яамнаас солонгосын их, дээд сургуулиуд руу холбогдох “хуульд үндэслэн” “элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгох ёстойг анхааруулсан тул суралцаж буй сургуультайгаа холбогдож лавлах шаардлагатай.
Уг хөнгөвчилсөн журам нь зөвхөн оюутны виз (D ангилал)-нд хамааралтай бөгөөд оюутны визээс бусад ангиллын визтэй иргэд Хилийн шалган нэвтрүүлэх тухай хуулийн дагуу шаардлагатай бүх материалаа бүрдүүлж визээ мэдүүлэх болохыг анхаарна уу гэжээ.