ОУВС-гаас COVID-19 вирусийн эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах зөвлөмж гаргажээ
Олон улсын валютын сангаас COVID-19 вирусийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлого болон банкны хяналт, зохицуулалтын арга хэмжээнүүдийг судалж, ерөнхий бодлогын зөвлөмж гаргажээ. Тус зөвлөмжид эдийн засгийн хохирол урт хугацаанд үргэлжлэхээс сэргийлэхийн тулд төсвийн нэмэлт дэмжлэг зайлшгүй шаардлагатайг онцолсон байлаа. Харьцангуй богино настай энэ хүндрэлийн үед компаниуд үүдээ хааж, иргэд ажилгүй болох тохиолдолд үр дагавар нь удаан бөгөөд их байх болно гэж үзсэн байна.
Төсвийн арга хэмжээ нь нэн тэргүүнд эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж зайлшгүй шаардлагатай байгаа хэсэгт чиглэх ёстой гэжээ. Засгийн газар төсвийн дэмжлэг, хамрах хүрээг өргөжүүлж хамгийн их өртөж буй хүмүүс, бизнесүүдэд чиглүүлж, цалинтай чөлөө олгох, зорилтот татварын хөнгөлөлтүүдийг санал болгоод байна.
Уг зөвлөмжид төв банкууд эдийн засгийн идэвхжлийг дэмжих, олон нийтийн итгэлийг хадгалахын тулд санхүүгийн төлөвийг зөөлрүүлэх, бодит эдийн засагт очих зээлийн урсгал тасалдахгүй байхад анхаарах, дотоодын санхүүгийн зах зээл дэх төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих нь зүйтэй гэжээ. Санхүүгийн зохицуулагчид санхүүгийн тогтвортой байдал, банкны системийн эрүүл байдлыг хадгалах болон эдийн засгийг дэмжих оновчтой балансыг хадгалах нь чухал болохыг онцолсон. Үүнд түр хугацаанд зээлийн эргэн төлөлтийн ачааллыг бууруулах бодлого багтаад байна.