ОХУ олон улсын нислэгээ зогсоолоо
ОХУ гуравдугаар сарын 27-ноос эхлэн олон улсын чиглэлийн тогтмол болон захиалгат /чартер/ нислэгүүдээ бүрэн зогсоолоо. Нислэгийн компаниуд зөвхөн Оросын иргэдийг нутагт нь буцаах тусгай нислэг үйлдэнэ. Ийм шийдвэрийг тус улсын Засгийн газрын дэргэдэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчид гаргажээ.
ОХУ-ын Агаарын тээврийн агентлагийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, дээрх шийдвэр нь ачаа, шуудан, ариун цэврийн болон хүмүүнлэгийн тээвэрт хамаарахгүй байна.
Коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор ОХУ-аас үйлддэг олон улсын нислэгүүдийг хоёрдугаар сарын 1-нээс аажмаар цөөрүүлж, хэд хэдэн үе шаттайгаар хязгаарласан юм. Эхний ээлжинд БНХАУ, БНСУ болон бусад хэд хэдэн улс руу харин дараа нь Испани, Итали, Герман, Франц руу хийдэг нислэгүүдийг хязгаарласан бөгөөд хэд хоногийн дараа Европ руу үйлддэг бүх нислэгийг хоригложээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын агаарын тээврийн компаниуд тус улсын иргэдийг гадаадаас авчрах нислэгийг үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, “Аэрофлот” компани захиалгат нислэгээр хилийн чанадаас оросуудыг авчрах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Гуравдугаар сарын 14-25-ны хороонд Оросын 52 мянга гаруй иргэн эх орондоо иржээ.