Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “2009-2019 оны хооронд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль, Гал түймрийн улсын байцаагчдын 10 гаруй дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр уг барилга нь Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй холбоотой бусад дүрэм, журам, стандартад заасан шаардлагуудыг хангахгүй байна. Мөн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн холбогдох шийдвэрүүд гараад ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүсч байгаа нөхцөл байдалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогслоо, амьжиргааны эх үүсвэргүй болж байна гэсэн байдлаар хандаж байгаа. Дам түрээсэлж байгаа гэх 300-400 орчим иргэд, аж ахуй нэгжүүдтэй хийх уулзалтын хуваарь гарсан. Хуваарийн дагуу уулзаж, санал хүсэлтийг нь авч нэгтгэж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим иргэнтэй уулзсан. Бусад иргэд рүү өдөр тутамдаа нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт ирж уулзах урилга хүргүүлж байна. Бүх иргэдийн саналыг нэгтгээд шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтнуудад холбогдох саналаа хүргүүлнэ” гэлээ.
Мөн “Урт цагааны түрээсийн гэрээг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн, аж ахуйн нэгж гэрээ хийн үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээний хугацаа дууссан. Энэ 30 түрээслэгч 20-30 жил түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлаг-ын газартай нэг ам.метр талбайг 9000 төгрөгөөр түрээсэлж, иргэдэд цааш нь ам.метр хүрэхгүй талбайг дунджаар 300-350 мянган төгрөгөөр давхар түрээсэлдэг” гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба онцолж хэллээ. Түүнчлэн “Урт цагааны барилгад галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон. Алт, мөнгөний дархан, цайны газрууд бүгд баллонтой хий ашигладаг учир дэлбэрэлт үүсэх, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй байна. Гуравдугаар сарын 6-ны өдөр тус барилгын цэвэр усны шугам хагарч, барилгын суурин доогуур хөрсөнд 10 орчим сая төгрөгийн ус алдагдсныг Ус сувгийн удирдах газраас акт тогтоосон гэх мэтчилэн олон эрсдэл үүсээд байна” гэсэн юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Мэргэжлийн хяналтын газраас Урт цагааны барилгатай холбоотой хоёр удаагийн дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлт 2011 онд барилгатай холбоотой иж бүрэн шинжилгээ хийлгэхэд хүчтэй бэхэлгээ хийлгэх, эсвэл дахин төлөвлөлтөд хамруулж, шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 2014 он мөн адил дүгнэлт гарсан байдаг” гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо “Урт цагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг жил бүр зохион байгуулдаг. Шалгалтаар галын аюулгүй байдлыг хангахгүй, цахилгааны ил монтаж хийгдсэн гэх мэт олон зөрчил илэрдэг. Тийм учраас холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Хэвлэлийн хурлын төгсгөлд нийт түрээслэгчдийн саналыг авч, нэгтгэн дүгнээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн саналаа гаргаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Эцсийн шийдвэрийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гаргана гэдгийг албаныхан онцолж хэллээ.
 
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0

Холбоотой мэдээ