Сүхбаатарын талбайн урд хөгжмийн аялгуут усан оргилуур барих ажлыг маргааш эхэлнэ
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 1,6 га талбай бүхий хонхтой цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх гэж байна.
Хоёр сарын хугацаанд хийх уг бүтээн байгуулалтын хүрээнд 85 метр урт, 14 метр өргөнтэй хөгжмийн аялгуут усан оргилуур, 35 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой нийтийн бие засах хоёр газар, иргэдийн амарч, зугаалах ая тухтай орчныг бүрдүүлсэн тохижилтыг хийхээр төлөвлөжээ.
Зураг төслийг уралдаан зарлаж тодруулсан ба нийт 3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар төлөвлөсөн. Мөн дэд бүтцийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, бүтээн байгуулалтыг 24 цагаар шахуу хийнэ гэж Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээллээ.