ЗГ: Сансар-Дүнжингарав-Хан-Уул-Баруун дөрвөн зам-Зуун айлыг тойрсон гүүрэн зам ашиглалтад оруулна
Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгөв.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түгжрэлийг бууруулахаар хоёр том асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, МУ-ын Үндэсний хөгжлийн газарт "Тэнгэрийн тойрог" төсөл буюу Улаанбаатар хотын А бүсэд зам барихаар болж байна. Энэ нь 6-12 метрийн өндөрт нийт 13 км-ийн урттай, 2 урсгалтай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй хоёр түвшний байгууламж болох юм. 27 ширхэг орох гарах цэгтэй. Ингэснээр замын түгжрэл 46.5 хувиар буурна гэсэн тооцоо гарсан. Агаарын бохирдлыг 20 хувь бууруулна гэж үзэж байна. Уг гүүрэн замд нийтийн тээврийн шугамын давхар ашиглах бололцоотой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Нийтийн тээврийн нэг хэрэгслээс 1 ам.доллар буюу км тутамд 15 центийн хураамж авч, зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө гэсэн тооцоо гарсан. Энэ нь МУ-ыг 2050 он хүртэл хөгжүүлэх Алсын хараа-2050, шинэ бүтээн байгуулалт, Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд хийгдэж буй ажил.
Энэ зам нь Сансарын аюулгүй тойргоос Зүүн 4 зам, урагшаа Нарантуул, Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул, Нарны гүүр, Баруун дөрвөн зам, Гэсэр сүм, Зуун айл гээд бүтэн тойрог болно. Ингээд нэг том тойрог гүүрэн зам ашиглалтад орох боломжтой. Энэхүү замыг барихдаа ЗГ болон орон нутгийн төсвөөс ямар нэгэн хөрөнгө авахгүй. Концессоор хийгдэнэ. Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлтэй. 25 жилийн хугацаатай төсөл.
Хоёрдугаарт, Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийг МУ болон ОУ-ын хөгжлийн ассецоци хоорондын санхүүжилтийн хэлэлцээрээр соёрхон батлагдсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хийгдэнэ. Нийт 60.7 сая еврогийн өртөгтэй зээлийн хэлэлцээр. 40 жилийн хугацаатай. Жилийн хүү 1 хувь хүрэхгүй. Нэн хөнгөлөлттэй. Эхний ээлжинд Баянхошууны уулзвар, Ханын материал, 3.4 дүгээр хорооллын эцэс хүртэл нийт 4.9 км замын хүрээнд хийнэ. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ гэсэн тооцоо байна. Хугацаа 16 минут. Энэ нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулна. Цамхагийг өндөр 22-110 метр өндөр. Хоорондын цай 250-700 метр. Зогсоол хоорондын зай 2-6 км. Нэг кабинд 8-10 зорчигч суух боломжтой. Үүнийг өсгөх боломж бий.
Б.Аз