Нам даралтын зуухнуудад түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно
Түүнчлэн хотын Захирагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ “Улаанбаатар хотын утааг арилгахын тулд түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхтэй холбоотой эрсдэл үүсэхгүй байх үүднээс 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байна. Сайжруулсан түлштэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын үргэлжлэх хугацаа дөрөвдүгээр сарын 01-ээр дуусгавар болж байгаа юм. Ингэлээ гээд бид сайжруулсан түлшний түгээт, угаарын хийн хордлогоос иргэдийг урьдчилан сэргийлэх тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Тодруулбал өнөөдрийг хүртэл нийт 210 мянган ширхэг угаарын хийг мэдрэгчийг худалдан авч, иргэддээ нийлүүлэх ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хийсэн. Харамсалтай нь коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан БНХАУ-д үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон тул утаа мэдрэгчийг нийлүүлэх ажил хойшилсон. Одоо 65 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч шинээр нийлүүлэгдэн орж ирнэ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт айл өрхүүд угаарын хийн мэдрэгчтэй болно. Үүнээс гадна, айл өрх, иргэдийн өөрсдийн үүрэг, хариуцлага бий. Хотын зүгээс хийх ёстой ажлаа хийж, ажиллаж ирсэн. Одоо иргэдээс ихээхэн шалтгаална. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт ажлыг жил бүр хавар, намар хийнэ” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар шүүлтүүр хэрэглэж түүхий нүүрс түлж буй 3500 гаруй 64-10кВт-ын зуух нийслэлд байдаг аж. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудыг 2020 оны аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох аж. Ингэснээр 150-200 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж чадах бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтой юм байна.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй зарим бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ 2020 онд Улаанбаатар хотын дэд бүтэц, тохижилт үйлчилгээ, эмнэлэг сургуулийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн Засаг даргын зүгээс холбогдох газруудад хийгдэх ёстой бүх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг бүрэн шилжүүлж дууссан. Гэхдээ хөл хорио тогтоож хил гааль хаагдсан энэ үед аж ахуйн нэгж байгууллагуудын орлого тасарч алдагдал хүлээж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжийг аль боломжтой хувилбараар дэмжиж ажиллах болно” хэмээн онцолж хэллээ.