Д.Дагиймаа: Нэг амьтны чихмэл хийхийн тулд Ардын их хурлаар батлуулдаг байлаа

Ховор амьтныг биеэр нь үзэж чадахгүй учир музейгээс жинхэнэ төрхөөр нь үзэн таньж мэддэг. Үүнд музейн ажилтнууд тэр дундаа чихмэлчид ихээхэн үүрэг гүйцэтгэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Энэ удаад Байгалийн түүхийн музейн ууган ажилтны нэг Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, музейн чихмэлчин Д.ДАГИЙМААТАЙ ярилцлаа. Тэрбээр чихмэлчин хэмээх мэргэжлийг анхлан эзэмшигчдийн нэг бөгөөд Монгол Улсын номер нэг эмэгтэй анчин, чихмэлчин Л.Цэвэлийн шавь гэдгээр нь хүмүүс таньдаг аж. Д.Дагиймаа багштайгаа хамтран Монгол орны олон музейд чихмэл хийн үзэгч олны танин мэдэхүйн мэлмийг гийгүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж иржээ. 
-Чихмэлчний мэргэжил байдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Энэ мэргэжлийг анх хэрхэн эзэмшсэн бэ? 
-Хүмүүс тэр болгон мэддэггүй музейн мэргэжил гэж олон бий. Түүний дотроос миний эзэмшсэн чихмэлчнээс эхлээд ховор мэргэжлийн хүмүүс музейд ажилладаг. Музейд шинждэх ухааны бүх салбар багтдаг. Би анх 22 настай Улсын төв музейд үйлчлэгчээр ажилд орж дараа нь чихмэлийн лабораторид 10 жил ажилласан. Манай багш Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, музейн чихмэлчин Л.Цэвэл гэж эршүүд зантай ан хийчихдэг ховор эмэгтэй байсан юм. Улсдаа нэг номерын эмэгтэй анчин байсан даа. Багш маань баавгайнаас бусдыг агнасан гэж ярьдагсан. Би залуудаа тэр хүний хийж байгаа ажлыг сурах юмсан гэж боддог байсан. Тэр үед чихмэл хийхэд ажлын нөхцөл муу, элдэв төрлийн химийн бодистой харьцдаг байлаа. Ер нь хэр баргийн эмэгтэй хүн сонирхох ажил биш л дээ. Сүүлд нь хийсэн бүтээснээ харж явахад сайхан байдаг юм. Нийслэлийн музейнуүдэд байгаа бүх чихмэл, мөн 21 аймагт байгаа чихмэлийг манай музейн чихмэлчид хийсэн.
 -Амьтны чихмэл хийхийн тулд өөрсдөө явж агнадаг байсан гэсэн үү. Дан эмэгтэйчүүд хөдөө хээр ан хийгээд явна гэдэг хүнд байсан болов уу? 
-Бодоод үзэхэд яаж амар байх билээ. Тэгээд эмэгтэй хүн ховор ан агнана гээд явахад итгэмээргүй. Энэ ажлын сайхныг хайгуул судалгааны ажилд явж байж л мэддэг юм билээ. Тухайн орон нутагт очиж ангийн зөвшөөрөл авна. Зарим үед хүнээр газарчлуулж явна. Би Л.Цэвэл багштайгаа Монгол орны хамгийн сайхан нутгуудаар явж үзсэн. Баруун Алтайн нутгаар хөндлөн гулд явж дархан цаазтай А бүс нутаг Алтайн цаад говьд хавтгайн буур агнахаар багштай хоёулхнаа хоёр сар явж байж билээ. Хятадын хилийн наахна “Атас Чингис” гэж уул байдаг, түүний сугаас агнасан. Тэр буур одоо музейд байгаа. Дараа нь хавтгайн ингэ агнахаар 1980-аад оны арваннэгдүгээр сард юмдаг, музейгээсээ гурван эмэгтэй ГАЗ-66 машинтай явж байлаа. Машины кабинд хоёроос илүү хүн багтахгүй учир дээр сууна. Тэвшин дээрээ 800 метр бензин, түлээ мод, хүнсээ аччихаад түүндээ даруулчих шахам явдагсан. Одоо тэгж явах хүн байхгүй байх шүү. Тэгж л тэвчээр хатуужлыг шалгуулж явсан даа. Хавтгайн ингэ санаснаар олдох амьтан биш, бид 20 гаруй хоног явсан санагдаж байна. Нэг өглөө Хятадын хилийн наахна уулан дээр гараад дурандаж байтал тээр алсад улайран мандаж байгаа нарны доор хэсэг хавтгай харагдсан.Ер нь хавтгай сүргээрээ явдаг амьтан. Харин орооныхоо үед хэсэг хэсгээрэээ тарчихдаг юм билээ. Эр болгон нь буур болохоороо тэгж байгаа хэрэг. Холоос чимээ авдаг сонор сэргэг амьтан, нэг л сэжиг авбал гүйцэгдэхгүй тэшиж өгнө. Хавтгай монгол тэмээнээс бага биетэй тачирхан ноостой. Түүнийг бид агнаж чадсан шүү.  

 Зүүн гар талаас хоёр дахь нь: Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэвэл өөрийн шавь Д.Дагиймаа, Ж.Цогтбаяр нарт чихмэл хийх арга туршлагаасаа зааж буй /1987 он/ 
-Хүнд хэцүү мэргэжил ч гэлээ таны амьдралд олон сайхан дурсамж үлдээжээ?  
-Ан хийнэ гэдэг жинхэнэ адал явдал. Ирвэс агнах гэж 1983 онд 55 хоног явж ажлаа бүтээсэн. Багшид 250 метрт тусдаг калибр гээд сайн буу байсан. Говь-Алтай аймгийн Дарви сумын ямаачин Цэрэндорж гэдэг хүнээс хэдэн ямаа аваад Бурхан буудай ууланд очсон. Хэр баргийн хүнд үзэгдэх амьтан биш. Өглөө босоод очиход өгөөшинд тавьсан ямааг минь идчихээд байсан. Бид ямаандаа өвс тавьж өгөөд 20 хоног хүлээсэн. Хөрөөний ир шиг шүдтэй чонын хоёр хавх тавихад дундуур нь орж гарч ямааг минь идчихээд байсан. Мөн ч сэргэлэн, хартай амьтан даа. Нутгийн хүмүүс ч бидэнд их тусалж байсан. Тэгж нэг юм гэнэдүүлж байж хавхаар ирвэс агнасан удаатай. Хүн ойртуулж буудуулна гэж байхгүй юм билээ. Намирсан сайхан үс ноостой гоё амьтан. Хэзээ хойно нь муур харахаар ирвэсийн зээ байж болмоор юм шиг санагдаад байдаг юм. Муурын нүд ирвэсийнхтэй хачин адилхан харагддаг. Говь-Алтайд Бугатын даваа гэж их өндөр даваа байдаг юм. Түүний дээр гараад харж байхад Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг өөрийн эрхгүй санаанд ордог. Монгол нутаг мөн ч сайхан шүү.
 -Та өөрөө ан хийж байсан уу? 
-Би багшаасаа ан хийхийг л сурч чадаагүй. Багш намайг ан хийж сур гэж их хэлдэг байсан. Яагаад ч юм би их айдаг байсан болохоор гартаа буу барин ан хийж үзээгүй.
-Ан хийхээр явж байхдаа тохиолдсон сонирхолтой дурсамжаасаа хуваалцана уу? 
-Би 1990 онд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт буган хандгай агнахаар музейн ажилтан Цогтбаяр, Эрдэмбат хоёрыг дагуулж явсан. Буган хандгай эдэг нь бугын эвэр шиг эвэртэй Зайдаг. Хавтгай арагшаа сунасан эвэртэйг нь Хар мөрний хандгай гэж нэрлэдэг юм. Оросууд Уссурын хандгай ч гэж хэлдэг юм билээ. Хүйтний эрч чангарсан арваннэгдүгээр сард явсан учир өвдгөөр татсан цастай, машин явж болохгүй учир Нөмрөгийн застав дээр очиж тэндээсээ газарчин аваад цааш мориор явсан. Цэргүүдийн унадаг морь тун хашин энгийн хүн унахаар явдаггүй. Бид 50 км газар зовж очиж билээ. Хоёр улсын хил дээрх Нөмрөгийн уул гэж хачин сайхан байгальтай газар байсан. Тэнд бүх амьтан, жигүүртэн шувуу байна.
үүнийг очиж үзсэн монгол хүн цөөхөн байх шүү. Тэр уулын нэг тал нь Хятадын нутагг орчихсон юм гэсэн. Бид нэг их модон дунд буудаллаж майхнаа бариад хооллож аваад би ганцаараа морьтойгоо үлдэж нөгөөдүүл маань цааш андаа явган явсан. Тэд надад мөд ирэхгүй байж мэднэ шүү, юмыг яаж мэдэх вэ гээд калибр буу үлдээгээд явж билээ. Битүү ойд ганцаараа хононо гэдэг эвгүй. Чоно галаас айдаг гэж дуулсан учир майхныхаа нэг талд мөчир овоолоод тавьчихсан. Энд тэнд чоно улиад, бие жихүүцэж үс босох шиг болоод ямар аймаар байсан гэж бодно. Сүүлдээ айхаа байдаг юм билээ. Тэднийг явсны гурав дахь өдөр морьд чихээ сортолзуулан ийш тийш хараад байсан. Тэгтэл нөгөөдүүл маань буган хандгайгаа агначихаад хачин их ядарсан улс ирцгээж байсан юм. Айж байсан хүн тэгж нэг нар гарч билээ. Нөмрөгийн сав газар гэж дархан цаазтай сайхан газар байдгийг тэгж явж л үзсэн дээ.
 -Хүмүүс шувуу агнахыг цээрлэдэг юм билээ. Та нар агнаж байв уу? 
-Говь-Алтай Идрэнгийн нуруу гэж сүрлэг сайхан уулс бий. Тэндээс Улаан номонд багтсан ёл гэдэг сайхан шувуу агнаж явлаа. Ёл дэвдэггүй халин нисдэг шувуу. Харин хойлог уул өөд нисэхгүй шогшоод явчихдаг. Буухдаа эрчээрээ доош буучихдаг. Багшийнхаа заасан бүхнийг хийж явсан даа. Хэлсэн үгнээс нь зөрөх арга байхгүй. Хүнд их юм заадаг хүн байсан. Нэг удаа баруун Алтайд явж байтал юунаас ч болсон юм бэ багшийн хөх нь өвдөөд сүйд болов оо. Буцъя гэсэн үгүй гэнэ, Тэгтэл хаана ч билээ нэг бага эмч таарлаа. Сахлын хутга лааны дөлөнд халаалгаад тэр эмчээр зүсүүлж идээ бээрийг нь гаргуулж дараа нь хоёулаа -замдаа эмчилсээр эдгээж байж билээ.
 -Нэг чихмэлийгхэдий хугацаанд хийдэг байсан бэ?  
-Тухайн амьтны биеийн хэмжээнээс л шалтгаална. Нэг хоногт ч хийсэн чихмэл бий. Сар болж удсан чихмэл ч бий.
-Та багшаа их дурсч ярих юм. Таны багш Л.Цэвэл хэчнээн шавьтай байсан бэ. Багшаараа магтуулж байсан удаа байгаа юу? 
-Тэгэлгүй яах вэ. Багш минь миний амьдралын замыг гэрэлтүүлсэн хүн. Л.Цэвэл багшаас ажил, амьдралд их зүйлд суралцсан. Багш нэг хэлсэн үгээ давтаад байдаггүй. Шударга, ажилч хичээнгүй нэгэн байсан. Нэг удаа багш минь Хөвсгөлийн тайгаас цаа буга агнаж ирсэн юм. “Тэр цаа бугаар намайг чихмэл хийгээрэй" гэчихээд гараад явчихсан. Би ч багшийнхаа олон хоногийн хөдөлмөр зүтгэлийг үгүй хийчихгүйг хичээж ажилласан. Чихмэлээ хийж дуусаад байж байтал багш орж ирээд “Их аятайхан болж шүү” гэж хэлсэн. Тэр цагаас хойш багш надад үг хэлээгүй. Бодвол их сэтгэлд нь хүрсэн юм шиг байна лээ. Музейдээ хааяа очихоороо залуусаас “Нөгөө цаа бугын чихмэл байгаа биз” гэж асуудаг юм.
 -Чихмэл хийх гэж анд яваад хоосон ирж байсан удаа бий юү? 
-Хөрөнгө мөнгө гаргуулж, цаг хугацаа зарцуулан явж байгаа учир аль болохоор ажлаа бүтээж ирэхийг боддог. Ажлаа бүтээхгүй хоосон ирж байсан удаа бараг байхгүй. 1990-ээд оны эхэнд ид зах зээлд шилжиж байх үед Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Батширээт сумын нутгаар буга агнахаар явсан. Тэгтэл машин эвдрээд цуг явсан. хоёр хүнээ Хэнтий аймгийн төв рүү сэлбэгэнд явуулаад би жолооч залуутайгаа үлдэв ээ. Сэлбэгэнд явсан хүмүүс ирдэггүй хөвчид долоо хонолоо. Хоол дууссан учир жолооч маань хаяа уурлана. Нэг өдөр жолооч буу авч яваад алга боллоо. Цаашаа л явчихдаг юм байх даа гэж бод доо. Тэр оройхон хоёр туулай бариад ирэхэд нь хонь гаргасан юм шиг болж байж билээ. Тэр дор нь туулайныхаа махаар сайхан хоол хийж идэж хөлс гарцгааж байсансан. Хаврын цас ханзарч байсан цаг тул бугын эвэр түүсэн хүмүүс энд тэнд түймэр тавьж ан амьтан дүрвээгээд бугаа агнаж чадалгүй буцаж байсан удаатай.
 -Ан агначихаад махыг нь яадаг вэ? 
-Ангийн махыг болж л өгвөл авдаг. Том ангийн махыг булж орхичихоод эргэж мориор ачиж ирж байх жишээтэй. Урд нь бид Гандангийн дэнж дээрх анчдын нийгэмлэгийн “Хишигийн ордон” гэж нэрлэдэг цайны газар авчирч өгдөг байсан. Тэр үед хүмүүс ангийн мах гэж нэг их булаацалдаад байдаггүй байсан. Одоо бол ямар ч ангийн махыг газар дээр нь дуусгачихдаг гэсэн. 
-Чихмэл хийх тийм амар ажил биш биз? 
-Чихмэлийг номоор нь хийж чадсан байхад олон жилийн настай. Манай Байгалийн түүхийн музейд 1920-оод онд Оросын эрдэмтэн Козлов, Симуков нар Монгол нутагт судалгаа хийж явахдаа хийсэн амьтны хэвтээ чихмэл манай музейн фондод ямар ч гэмтэлгүй хадгалагдаж байдаг. Дэндэв гэдэг хүний хийсэн 70-аад жилийн өмнөх ирвэсний чихмэл байгаа. Орост Дарвины музей гэж асар их чихмэлтэй музей байдаг гэсэн. Манай Л.Цэвэл багш түүнд мэргэжил дээшлүүлсэн гэдэг юм. Миний хувьд Монгол нутагт мазаалайнаас бусад амьтны чихмэлийг хийсэн гэж боддог. Чихмэл хийхээс өмнө 18 мм төмөр утсаар амьтныхаа ерөнхий хэвийг гаргачихдаг юм. Амьтнаа унагаад бүх л хэмжээг нь авна. Арьсыг нь гэмтээлгүй өвчиж хэмжээг нь авдаг. Үүнийгэрдэм шинжилгээний, махнаас нь хэмжихийг чихмэлийн хэмжээ гэнэ. Толгойны махыг шулж ясыг нь буцалган махгүй болгож ашиглах жишээтэй. Тухайн үед чихмэлд үртэс их хэрэглэдэг байсан. Одоо хөөсөнцөр чихэж хийдэг болсон байна билээ.
 -Та бас адуу малын чихмэл хийж байсан гэсэн. Чухам хаана ямар адууны чихмэл хийж байв? 
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Нийгмийн хонгор” гэж зард гарсан худан хонгор морины чихмэлийг хийсэн. Бодит хурдан морины чихмэл хийх хэцүү. Хүмүүс хөл нь тийм байх ёстой, сэрвээ нь намхан байна гэх мэтийн өө хэлээд байх юм билээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хишигбатын хонгор морины чихмэл хийсэн. Мөн Дорнод аймгийн Халх гол суманд Тэгшээгийн хүрэн халзан морины чихмэлийг эзнийх нь санаанд хүртэл хийсэн гэж боддог. Одоо хүмүүс захиалгаар чихмэл хийлгэдэг болсон гэсэн. Хэрэмний чихмэл хийлгээд гэртээ тавьчихсан байхад хөөрхөн л харагддаг юм. 
-Амьтны чихмэл хийхийн ач тусыг та хэрхэн тодорхойлох вэ? 
-Манай улсад амьд амьтны хүрээлэн байхгүй. Мөн дээр нь амьтан тоглуулдаг цирк байхгүй болсон нь эмгэнэл. Тухайн үед ан амьтан ховордоно гэж бодож байсангүй. Улаан номонд орсон нэг амьтан агнахад Ардын их хурлаар зөвшөөрүүлдэг байлаа шүү дээ. Ганц зөвшөөрөл авчихаад түүнийгээ агнаж чадахгүй бол тэр жилдээ дуусч байгаа хэрэг. Музейд яагаад амьтны чихмэл хийж тавьдаг вэ гэдэг цаанаа их учиртай. Өнөөдрийг хүртэл та ирвэс гэдэг амьтныг зурагнаас үзсэнээс биш биеэр нь үзэж үсэнд нь гар хүрч үзээгүй яваа шүү дээ. Харин музейд бол тэр амьтан амьгүй л болохоос биш өнгө зүс, хэлбэр төрхөө алдаагүй эвэр туурайтайгаа байж байдаг. Хүүхдүүд музейд ороод амьтдыг их сонирхож байгаа харагддаг. Музейд чихмэл тавих нь танин мэдэхүйн өндөр ач тустай. Энэ их үйлсэд залуу насаа зориулсандаа харамсдаггүй юм. Хүүхэд амьтан харж өхөөрдөн хайрласнаас зөөлөн сэтгэлтэй болдог гэдэг юм билээ. Тиймээс музейн ажилтан, ажилчид хүүхдийн хүмүүжил төлөвшилд их тус хүргэж байгаа юм. 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ