С.Амарсайхан: Сүхбаатарын талбайн өмнөх газрыг буцааж авах гэсэн томоохон сүлжээ ажиллаж байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эхэлсэнтэй холбоотой мэдээлэл хийлээ.
Зарим газрыг засаж шинэчлэх, зориулалтын цэцэрлэгт талбай болгох ажил албан ёсоор эхэлсэн байна. Тухайлбал
- Баянзүрх дүүргийн Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын 1.8 га газрыг өнгөрсөн жилээс хотын мэдэлд авч, тохижилтын ажил хийж эхэлсэн. Одоо дуусах шатандаа явж байгаа бөгөөд тэнд спортын талбай бүхий томоохон байгууламж удахгүй ашиглалтад орно.
- Хуучнаар "РЦНК" төвийн урд байрлах 2.4 га талбайг ногоон байгууламж бүхий олон нийтийн талбай болгох ажил явагдаж байна. Шүүх дээр маргаантай байсан учраас энэ ажил бага зэрэг хойшилсон ч цаашид хэрэгжинэ.
- Баянгол дүүргийн 1, 3, 4 хороо Төмөр замын арын цэцэрлэгт хүрээлэн нийт дөрвөн га газар өмнөх жилүүдэд АТГ-т орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг цуцалж, цэцэрлэгт талбай болгохоор тохижилтын ажлууд хийгдэж эхэлсэн байна.
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богд хааны өвлийн ордон орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд тавдугаар сард ашиглалтад орох боломжтой аж.
Тэрээр Сүхбаатарын талбайн өмнөх газрын талаар хэлэхдээ “Сүхбаатарын талбайн өмнөх 1.8 га газар 2005 онд хувийн эзэмшилд олгогдож, 10 сая долларын барьцаанд банканд тавигдсан байсныг өнгөрсөн оны гуравдугаар сард эрхийг нь цуцалсан. Одоо тэр газарт шаардлага хангахуйц бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийслэл энэ тохижилтын ажлыг хийхдээ 2019 онд төсөвт тусгаж, НИТХ-аар батлуулж, зураг төслийг нь боловсруулсан. Тэрнээс өчигдөр гэнэт шийдээд өнөөдөр хийж байгаа ажил биш. Тиймээс үүнийг улс төржүүлж, иргэдийг турхирах шаардлага байхгүй. Тухайн 1.8 га талбайг эзэмшиж байсан компани бүтээн байгуулалтыг хийлгэхгүй, буцаан авахаар одоо шүүхээр явж байна.
Шүүхийн шийдвэр нэртэйгээр энэ талбайг буцааж өөрсдөдөө авах гэсэн томоохон зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна. Гэхдээ энэ ажил зогсохгүй. Хийснийх нь дараа харин иргэд үнэлэлт дүгнэлтээ өгөх байх. Хотын захиргаа өөрсдийн зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй” гэсэн юм.
Б.Хонгорзул