Үндэсний хөгжлийн газар, монголын олон улсын арбитртай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2020 оны 4-р сарын 06-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар /ҮХГ/ нь МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр /МОУА/-тай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд ҮХГ-ын дарга Б. Баярсайхан, тус газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Мөнбат болон гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Дашдэмбэрэл болон МҮХАҮТ-ын дэргэдэх МОУА-ын дарга С.Энхцэцэг болон Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар оролцлоо.
Талуудын хамтын ажиллагааны үндсэн зорилго нь хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах болон арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сурталчлан дэлгэрүүлэхэд орших юм. Энэхүү зорилгын хүрээнд талууд статистик мэдээлэл солилцох, хууль эрх зүй болон олон улсын гэрээ, эрх зүйн хүрээнд зөвлөгөө өгөх, гадаадын хөрөнгө оруулагчдад үйл ажиллагааны салбарт нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулах, түүнчлэн бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөгөө, зөвлөмж бүхий гарын авлага, хэвлэмэл материал гаргах зэрэг ажлуудыг төлөвлөн зохион байгуулахаар тохиролцлоо.