Ё.Баатарбилэг: Тавдугаар сард 12-р ангийн хүүхдүүдэд давтлага явуулах боломжийг судалж байна
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт өгчээ. Үүнтэй холбоотойгоор төгсөх ангийн хүүхдүүдийн хичээлийг хэрхэн зохион байгуулах нь анхаарал татаж байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Цар тахлын улмаас дэлхийн 190 гаруй улс боловсролын салбартаа хөл хорио тогтоочихсон. Үүнд 1.7 тэрбум хүүхэд залуучууд хамрагдаж байгаа. Манай улс мөн ялгаагүй цаг алдалгүй хөл хорио тогтоож теле хичээл явуулж байна. Теле хичээл үр дүнтэй байгаа талаар иргэд хэлж байгаа. Цаашид яах вэ гэдгээ судалж байна. Ямартай ч хүүхдүүдийнхээ боловсролын асуудлыг орхигдуулахгүй. Бусад улс орон боловсролын салбартай мантай байхад манайх харин ч онлайн болон теле хичээл явуулж байгаагаараа олон улсад үнэлэгдэж байгаа. ЮНЕСКО-гийн албан ёсны сайт дээр манай жишээг мэдээ болгоод оруулсан байна лээ. Теле хичээлээ цааш нь үргэлжлүүлэх боломжтой. Хичээлийн жил тавдугаар сарын 30-наар дуусна. Тэр болтол хөл хориогоо үргэлжлүүлээд есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгээ эхлүүлэхээр судалж байгаа. Энэ талаар тодорхой саналуудыг Улсын онцгой комиссын хуралд оролцуулж хэлэлцүүлнэ. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг гол байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас саналыг нь авахаар өнөөдөр албан бичиг илгээсэн. 12-р ангийн хүүхдүүдэд тавдугаар сард багш нар нь нүүр тулж уулзаад давтлага хийлгэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нь нийцүүлж, эрүүл мэндийг нь хамгаалсан орчин нөхцөлд зөвхөн 12-р ангийн сурагчдыг цөөхөн хүүхэдтэй хэсгүүдэд хувааж давтлага өгөх талаар судалж байна" гэлээ.