“ХЭҮК-ын гишүүдийг сонгон шалгаруулах журмыг өөрчилнө"
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн билээ. Түүнийг чөлөөлөх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Харин Байнгын хорооноос ХЭҮК-ийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан комиссын гишүүдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж байгаа аж.
Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар баталсан. Чуулганы завсарлагааны хугацаанд ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг боловсруулсан. Хууль зүйн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар журмыг батлах гэж байна. Уг журмаар хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн, дээд боловсролтой, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй хүнийг ХЭҮК-ын гишүүнээр нэр дэвшүүлэх юм. Сонгон шалгаруулалтыг ажлын хэсэг байгуулж хийнэ. Ажлын хэсэгт есөн байгууллагын төлөөлөл байна. Энэ журмыг баталсны дараа Хууль зүйн байнгын хороо ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг зарлана. Нийт зургаан гишүүнийг сонгон шалгаруулна” гэлээ.