ДЭМБ 2021 оны сүүлч хүртэл олон улсын тэмцээн зохиохгүй байхыг зөвлөжээ

ДЭМБ Европын хөлбөмбөгийн холбоонд хандаж, 2021 оны сүүл хүртэл төлөвлөсөн олон улсын бүх тэмцээнээ цуцлахыг зөвлөжээ. Бразилийн “Placar” сэтгүүлд энэ талаар мэдээлэв.
Эх сурвалжийн өгүүлснээр, Европын хөлбөмбөгийн холбоо энэ сарын 16-ны өдөр тивийнхээ тэргүүлэх зэргийн 16 багийн удирдлагуудтай видео хуралдаан хийсэн. Хоёр цаг хагас үргэлжилсэн энэ хурал дээр ДЭМБ-аас Европын хөлбөмбөгийн холбоонд 2021 оны сүүлч хүртэл олон улсын тэмцээн зохион байгуулахгүй байх зөвлөмж өгсөн гэдэг асуудал яригдсан гэнэ. ДЭМБ цар тахлын дэгдэлт ирэх жил дахин эрчээ авна гэж болгоомжилж байгаа. Тиймээс олон улсын тэмцээн уралдаан зохиохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
ДЭМБ нь Европын хөлбөмбөгийн холбоо болон гишүүн улсуудын холбооны ажилд шууд оролцох эрхгүй. Тэд ч зөвлөмжийг дагах албагүй. Үүнээс гадна ДЭМБ зөвхөн Аваргуудын лиг, Европа лиг зэрэг олон улсын тэмцээнийг хориглосон уу, үндэсний лигүүд зөвлөмжид хамаарах уу гэдэг асуудал тодорхой биш байна. 
Тиймээс ЕХХ зөвлөмжийг дагах эсэх нь одоогоор тодорхойгүй ч магадлал өндөр гэдэг нь хурлаас хойш хийсэн үйлдлүүдээс нь харагдаж байгаа юм. Тухайлбал, Европын хөлбөмбөгийн холбоо бүх гишүүн улсуудад хандан хөлбөмбөгийн лигээ дууссанд тооцох зөвлөмжийг өчигдөр гаргасан юм. Асуудал хүмүүсийг бөөнөөр нь цуглахаас сэргийлэх тухайд юм бол энэ нь зөвхөн хөлбөмбөг биш, бусад тэмцээнд ч хамаарах учиртай. Тийм бол олимпийн наадам ч ирэх оны сүүлчээс нааш зохиогдохгүй байх эрсдэлтэй гэсэн үг юм.    
скачать dle 12.0

Холбоотой мэдээ