ОХУ, Францын Ерөнхийлөгч нар Сирийн байдлыг хэлэлцжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын төрийн тэргүүн Эммануэль Макронтой утсаар ярилаа гэж Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Хоёр орны удирдагчид Францын талын санаачилгаар утсаар ярьсан байна.
В.Путин, Э.Макрон нар Сирийн зүүн хойд нутгийн байдлыг хэлэлцсэн бөгөөд тус улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зайлшгүй шаардлагатай болохыг цохон тэмдэглэсэн байна.
“Сонирхож буй талуудын хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэх, бүх угсаатны болон шашны бүлгүүдийн ашиг сонирхлыг хангах зэрэг бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулах чиглэлээр тавьж буй ОХУ-ын хүчин чармайлтын талаар В.Путин мэдээлэл өглөө” гэж тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ. Түүнчлэн 10 дугаар сарын сүүлчээр НҮБ-ын ивээл дор Женевт хуралдах Үндсэн хуулийн хорооны хүрээнд Сирийн талуудын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар мөн Украины байдлыг хэлэлцжээ. “Нормандын хэлбэрээр” болон Холбоо тогтоох бүлгийн уулзалтуудаар хүрсэн бүх тохиролцоог биелүүлэхийг Киевээс шаардаж байна. Юуны өмнө энэ нь Золотое, Петров суурины зааглах шугамуудын тохиролцсон хоёр хэсэгт хүч, хөрөнгийг салгах, мөн Украины хууль тогтоомжид “Штайнмайерын томьёо”-г хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал юм” гэж Кремлийн мэдээлэлд дурджээ.
ОХУ-ын удирдагч мөн "Нормандын хэлбэрээр" хийх дараагийн дээд хэмжээний уулзалт нухацтай бэлтгэсэн нөхцөлд болж магадгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Ийм уулзалт зохион байгуулснаар Минскийн гэрээг хэрэгжүүлэх шинэ алхмуудыг боловсруулах боломж олгоно гэж Кремль мэдээлсэн байна.
Харин Елисейн ордноос мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Э.Макрон В.Путинтэй утсаар ярихдаа Сирид гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлэх ихээхэн чухал болохыг цохон тэмдэглэжээ.
“ОХУ, Туркийн Ерөнхийлөгч нар өмнө нь Сочи хотод уулзах үеэрээ Сирийн зүүн хойд нутгийн байдалд гол анхаарлаа хандуулсан. Ерөнхийлөгч дипломат арга замын тусламжтайгаар хямралаас гарах гарцыг хайх нь чухал болохыг цохон тэмдэглэсэн” гэж Францын удирдагчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.