"Путиныг хөөхөөр" алхаж явсан бөө нутгаасаа гарахгүй гэсэн амлалт өгчээ
"Путиныг хөөхөөр" алхаж явсан бөө есдүгээр сарын 19-ний өдөр Буриадын нутаг дэвсгэрээс баривчлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг баривчилсны дараа Якут руу буцаасан бөгөөд тэнд бөө Габышевийг сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоонд хамруулсны дээр Саха (Якут) улсаас гарахгүй гэсэн баталгаан дээр гарын үсэг зуруулсан байна.
"Сибреал"-ын мэдээлснээр, Якутад бөө Александр Габышевд "экстремист үйл ажиллагаанд уриалсан" гэсэн зүйл ангиар хэрэг тулгаж байгаа бөгөөд сэтгэцийн эмнэлэгт үзүүлж, нутгаасаа гарахгүй гэсэн баталгаанд гарын үсэг зурахгүй бол хэрэг хүлээлгэн, хорино гэж тулгасан байж болзошгүй хэмээн бөөгийн дэмжигчид эх сурвалжид мэдээлжээ.
"Путин бол чөтгөр, бөөгийн хүчээр л дарна" хэмээн мэдэгдэж 2021 онд Москвад хүрэн, зан үйлээ хийх төлөвлөгөөтэй байсан бөөг зам дагуу олон хүн дэмжиж, Буриадад түүнийг дэмжигчид нь тосон уулзсаны дараа энэ улсад олон нийтийн дунд эсэргүүцлийн давалгаа өрнөсөн нь бөөг баривчлах шалтгаан болсон юм.
Улаан-Үд хотод дэмжигчидтэйгээ уулзсаны дараа бөөг дэмжсэн хоёр хүн баривчлагдсантай холбоотойгоор Буриадын идэвхитэн баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардан нийслэлийнхээ төв талбай дээр эсэргүүцлийн арга хэмжээнд оршин суугчдыг уриалсан. Улмаар энэ уриалгад нутгийн удирдлагын сонгуульд ялагдсан коммунистууд нэгдсэнээр Буриадад сүүлийн жилүүдэд гараагүй өргөн цар хүрээтэй жагсаал болж, анхлаад бөөгийн дэмжигчдийг суллахыг шаардаж байсан жагсаал шударга бус сонгууль, нутгийн эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болон хувирсан юм.