Монголбанкны “бусдаас бурууг хайсан” мэдэгдэл
Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Монголбанк мэдэгдэл гаргажээ. Тухайн мэдэгдэлд ФАТФ Монгол Улсыг магтан матсан тухай өгүүлжээ.
Мэдэгдэлд:
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гаргалаа.
Энэхүү мэдэгдэлд 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилж нэвтрүүлснээр олон ахиц дэвшил гарсныг онцолжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр Монгол Улс ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо илэрхийлснийг тэмдэглэсэн байна... гэжээ. Энгийнээр бол “танай улс сайжраагүй...гэхдээ том дарга чинь гуйсан учраас ФАТФ энэ удаа зөөлөн хандлаа” гэж дурджээ.
Цаашлаад төв банкны мэдэгдэлд “...ФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байна.
Монгол Улсын эдийн засаг төлөвлөсөн хэмжээндээ өсч, төсөв алдагдалгүй, худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч гадаад валютын нөөц өсч эдийн засгийн эрсдэл даах чадвар сүүлийн 3 жилд үлэмж сайжраад байна. Монголбанкны зүгээс ФАТФ-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотойг үүгээр мэдэгдэж байна. Иймд ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж байна” хэмээн мэдэгджээ.