Импортын хүнсний татварыг жил бүр нэмэх тогтоол батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолд, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төмс, байцаа, манжин, лууван, сонгины импортын хүнсний ногооны татварын хувь хэмжээг жил бүр нэмэх тухай тусгажээ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнгөрсөн сарын 28-ны хуралдаанаараа эл тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэжээ. Энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, “Энэ тогтоолын гурав дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 8 дугаар сарын 1-ний дотор батлах”, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 6 дугаар сарын 3-ны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох”, “Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрт нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээний тухай журмыг батлан хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болох гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон олонх нь дэмжлээ.
Ингээд дээрх тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь дэмжиж баталлаа.
Montsame.mn