ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаан 14 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг танилцуулав. Хүсэлтэд “Миний бие Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйг хүлээн авна уу” гэжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 8 нь буюу 72.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 
 Дараа нь Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Н.Учрал, Л.Энхболд нар ажилласан байна. Ажлын хэсэг хуралдаад төслийн зарим нэр томъёог холбогдох бусад хуулийн нэр томъёотой нийцүүлэх, цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээний талаарх зохицуулалтыг тусгах, Үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль эсвэл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулах, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, байршил, бүрэлдэхүүн цахим мэдээллийн санд оруулах, төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг хангах, төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх зэргийг тусгасан гэлээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. 
 Тухайлбал, төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг “31.3.Иргэний намтар, түүхэнд холбогдох архивын баримтыг үүсэж бий болсноос хойш 70 жил өнгөрсний дараа эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглуулж болно.” хэмээн өөрчлөн найруулж, 31.4 дэх хэсгийн “иргэдийн хувийн амьдрал, эд хөрөнгө байдалд” гэснийг “иргэний намтар түүхэнд” гэж өөрчилж, 31.5 дахь хэсгийн “зөвшөөрлийг мэдэгдэж, тухайн баримтыг ил болгох” гэснийг хасах гэснийг гишүүдийн олонх дэмжсэн. “Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд тавигдах шаардлага” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Төрийн” гэснийг хасаж, 39.2 дахь хэсгийн “бэлэгдэл” гэсний дараа “болон барааны” гэж нэмж, 39.1 дэх хэсгийн, 39.3 дахь хэсгийн “зааврыг” гэснийг “журмыг" гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Төслийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг 43.1.4 дэх заалт болгон “43.1.4.Энэ хуулийн 43.1.1-43.1.3-т зааснаас бусад тохиолдолд ажпын 7 өдрийн дотор.” Хэмээн өөрчлөн найруулж, 43.3 дахь хэсгийн “заалт” гэснийг “цохолт” гэж, өөрчилж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийн “хэмжээнд мөрдөх” гэснийг, мөн хэсгийн “арга зүйн” гэснийг хасахыг гишүүдийн 80 хувь нь дэмжсэн юм. Төслийн Долдугаар бүлгийн гарчиг “Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны эрх зүйн байдал” гэснийг “Бусад зүйл” гэж өөрчилж, “Наймдугаар бүлэг, бусад зүйл” гэснийг хасаж, Долдугаар бүлэгт “49 дүгээр зүйл. Төрийн архивын ажилтны нийгмийн баталгаа
49.1. Төриин архивт архивч, архивч-судпаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.
49.2. Мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэсэн  агуулгатай 49 дүгээр зүйл нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн найруулгын 3 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
 Байнгын хорооны хуралдаанаар Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнасан танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар ажилласан байна. Ажлын хэсгээс төслийн зарим нэр, томъёог Эрүүгийн хууль тогтоомжтой нийцүүлэх, хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, түүний хууль ёсны өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэдэг байхтай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэлээ. 
 О.Батнасан гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтын 20.5 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэснийг “саналыг” гэж өөрчлөхийг гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтын 20.1 дэх хэсгийн, мөн зүйлийн 5 дахь заалтын 21.2.2, 21.2.3 дахь заалтын “өмгөөлөгчийн” гэсний дараа “бичгээр гаргасан” гэж тус тус нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн найруулгын 1 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 2томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ