Монгол бичгээ адалж болохгүй, алдас болно
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Д.Нацагдорж
Дэлхийн соёл иргэншилд монголчуудын оруулсан томхон хувь нэмрийн нэг бол монгол бичиг, үсэг юм. Манай монголчуудын мянга гаруй жил хэрэглэж ирсэн, монгол орны соёлын нэгэн гол ололт бол монгол бичиг бөгөөд энэ бичгээр монголын ард түмний түүх, зан заншил оюуны соёлын нандин өвийг хуримтлуулсан байдаг. Монгол бичиг нь Монголын бичиг зохиолын сонгодог хэлний суурь болж хөгжсөөр хэдэн зуун жилийн нүүрийг үзсэн билээ. Ер нь монгол үсэг бичгээ уламжлалаар нь хадгалан, сонгодог хэлбэрээр нь үлдээсэн цагт үндэсний бичиг соёл мөнх оршиж байх болно. Одоогийн англи хэлний бичлэг, дуудлага их зөрүүтэй, тэглээ гээд англи хэлийг хоцрогдсон гэж хэн ч үздэггүй байсан бөгөөд уламжлалаас нь тасалж, засаж сайжруулъя гэдэггүй. Харин авианы галигаар нь энэ хэлийг олон сая хүн сурч хэрэглэсээр байна. Монгол бичиг маань дуудлага бичлэг зөрүүтэй ч уламжлалаа хадгалсан сонгодог хэллэгтэй бичиг хэвээр үлдсэн юм. Дэлхийд гайхагддаг “Ганжуур”, “Данжуур”, “Монголын нууц товчоо”, “ Гэсэр", “Жангар" гээд мэргэдийн сургаал номлол түүх шастир бүгд монгол бичгээр уламжлагдан бидний үед ирсэн байна. Үндэсний бичиг үсгээрээ ном хэвлэл, сонин сэтгүүлийг олноор хэвлэж ард олонд хүргэх ажлыг 1946 он хүртэл тууштай явуулж ирсэн билээ.Үндэсний бичиг үсгээ халж солих санаачилгыг ард түмэн, эрдэмтэн мэргэд маань гаргасан хэрэг огт биш. Монгол бичиг үсгийг сольж өөрчлөх ажлыг маршал Х.Чойбалсан, дундад Азийн ард түмний бичиг үсгийг И.В.Сталин албадан сольсноос үлгэр авч, түүний зарлигийг шүтэн биширч хамтран зүтгэгчдээрээ толгойлуулан монгол бичгээ халж, өөрчлөх комиссыг томилж, санаачилгаа биелүүлсэн юм. Маршал Чойбалсан намын аравдугаар их хуралд тавьсан илтгэлдээ “Үндэсний монгол бичиг нь, манай улсын хөгжил ба соёл боловсролын зорилтоос хоцрогдсон бөгөөд тус улсын ирээдүйн хөгжилд саад учруулж байна” гэжээ. Ийм учраас монгол бичиг үсгээ халах болсон бөгөөд 1946 оны үед бүрэн устгасан нь дотоод гадаадын сталинчуудын харгис явуулга байлаа. Монгол бичгийн бичлэг, дуудлага хоёр нь зөрүүтэй сурахад хэцүү гэдэг нь ямар ч үндэслэлгүй худал гүтгэлэг бөгөөд сурах дургүй шалтаг тоочигч залуучуудын амнаас л гардаг улиг үг юм. Их эрдэмтэн Бямбын Ринчен гуай хэлэхдээ “Монгол бичгээ сэргээгээд төрийн бичиг болчихвол монгол түмний маань мандалд хэрэгтэй, учиртай юмсан” гэжээ. 1980 оны сүүлээс монгол оронд ардчилал шинэчлэлийн их үйл явц өрнөж, ард түмний үндэсний ухамсар сэргэн, үндэснийхээ бичиг соёлыг сэргээн дэлгэрүүлэх ажлыг шамдан эхэлж, монгол бичгээ бүх нийтээр сурах хөдөлгөөн санаачилга өрнөж, монгол бичгийн талаар тодорхой дэс дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажилласаар ирлээ. Үүнд: Монгол Улс, төрийн албан хэргээ монгол бичгээр хөтлөн явуулах тухай Улсын бага хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ажпыг эрчимжүүлэх зорилгоор Улсын их хурлаас 1995 онд анх монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрт бүх нийтийг монгол бичиг сурах идэвхийг өрнүүлж, албан болон албан бус сургалтад хамруулах, бүх шатны сургуулиудад заах багш нарыг бэлтгэх, ном сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг чухал заалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байв. Монголоо гэсэн эх оронч сэтгэлийг өсвөр залуу үеийнхэнд бүрдүүлэн төлөвшүүлэх, монгол уламжлалаа сэргээн бадруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой үйл ажиллагаа явуулж байлаа. 1992 онд байгуулсан “Хүмүүн бичиг’’ сонин, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тал бүрийн ажил үйлс зохион байгуулж, залгамж хойч үеийг үндэснийхээ бичигт сургахад үнэлж баршгүй бодитой хувь нэмэр оруулж ирэв. Тэрчлэн монгол бичгийнхээ төлөө бие сэтгэлээ зориулж, их үйлс бүтээж байгаа төрийн шагналт ардын багш Ш.Чоймаа, С.Дулам, Ц.Өнөрбаян, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нарын зэрэг шилдэг сэхээтэн багш нарын маань гавьяа зүтгэл чармайлт улс даяар хөдөлгөөн болж өрнөсөн нь бахдалтай байна. Монгол бичиг бол манай үндэсний түмэн үеийн утга соёлын бахдам сайхан өвийн нэг мөн. Эрт эдүгээг нээх түлхүүр болсон үндэсний бичгээ мэдэхгүй бол залуу хойч үе маань түүх уламжпалаа судлан, суралцах боломжгүй болж, удам угсаагаа мэдэхгүйд хүрч, үгийн баялгаар ядууран монгол бичгийнхээ сонгодог найрлагаас холдож, баян тансаг эх хэлийнхээ гүнзгий утга нарийн учрыг ойлгохгүй буюу монголчуудын маань үгийн сан хэдхэн албаны үгэнд эргэлдэхэд хүрч болзошгүйг ойлгон анхаарч хүн бүр өөртөө дүгнэлт хийж үндэсний монгол бичиг соёлоо сэргээн хөгжүүлж, бүх нийтээрээ монгол бичгээ бүрэн эзэмшиж монгол хүн гэдгээ баталгаажуулмаар байна. Зарим нэг хүн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлигийг эсэргүйцсэн байна. Иргэн О.Оюун гэгч бичихдээ “2025 оноос монгол бичгийг кирилл бичигтэй хослуулан хэрэглэх’’-ээр хуульчилсан нь ухралт болж байна. Учир нь кирилл бичиг бол монголын үндэсний бичиг юм. Харин түүхэн хөгжлийн жамаар өнөөдрийн бидний хэрэглээнээс хоцорч хаягдсан уйгаржин монгол бичгийг кирилл бичигтэй хослуулан хэрзглэх нь алхам ухралт болно. Дундад зууны үеийн хэл аялгуу бичлэгээр төрийн албан хэргээ явуулах болж байна. Ер нь уйгаржин бичгийн хэрэглээ шинэ үеийнхэнд тохирохгүй гэж байгаа нь энэ хүн монгол бичгийн талаар ямар ч мэдпэг байтугай төсөөлөл ч үгүйг харуулж байна. Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг бий. Монгол бичгийн түүхийг судлаад байхад ямар гайхамшигтай сод бүтээл болох нь тод харагддаг. Түүхээс үзвэл X зууны өмнө Ширия, Согдоор дамжин уйгар монгол үндэсний бичиг буй болсон байдаг. Монгол бичгийн хамгийн гайхамшигтай нь X зууны өмнө байсан түүхэн эх сурвалжийг тэр хэл аялгуугаар нь дамжуулан авч үлдсэнд оршино. Тухайн үед монгол бичиг төгс боловсорч, хожим дахин өөрчлөгдөх шаардлагагүйгээр бидний үед өвлөгдсөн байна. Бас монгол нутагт нүүдэллэн амьдардаг халх, буриад, дөрвөд хэний ч хэл яриаг энэ бичгээр дамжуулан хялбархан ойлгож болдгоороо маш гайхамшигтай. Үүгээрээ монгол бичиг бол монголчууд бидний заяаны бичиг аргагүй мөн. Монгол бичиг бол монголчуудыг монгол хүн гэж батлан нотолсон, монгол хүн гэсэн бахархлыг нь авч явдаг үнэт зүйл юм. Иргэн О.Оюун зэрэгтэй төсөөлөлтэй хүмүүсийн хайхрамжгүй үг бодлогогүй ажиллагааг соён гэгээрүүлж засъя. Энэ л бичгээр ажил үйлсээ 80 жил хөтөлсөн багш
С.ЖИГМЭДСҮРЭН
(Магистр, дэд профессор)