Олон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал боллоо
Олон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал Сөүл хот дахь Солонгосын Үндэсний музейд энэ сарын 8-9-нд болжээ.
“Монголын соёлын өв” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уг хуралд 10 гаруй орны 69 эрдэмтэн, судлаач оролцсон байна. Эрдэмтэн, судлаачид “Монголын хээр талын дүрс бичлэг”, “Соёлын өвийн бодлого, судалгаа”, “Монголын түүхэн болон сурвалж бичиг I,II,III”, “Монголын aрхеoлоги” зэрэг 6 салбар хуралдаанд өөрийн судалгаагаа танилцуулж, санал солилцжээ.
Хуралд монголоос Ерөнхийлөгчийн Тамгын газар болон БСШУСЯ, ГХЯ, ШУА, солонгосын талаас Соёлын өвийн удирдлагын газар, Соёлын өвийн судалгааны Үндэсний хүрээлэн, Азийн соёлын үндэсний төв, ЮНЕСКО-гийн Номхон далайн биет бус өвийн төв, Хангүг Гадаад судлалын их сургууль, Корйа Соёлын өвийн хүрээлэн оролцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн бүсийн III хуралд оролцогчдод талархлын мэндчилгээ хүргүүлж, цаашид монгол судлалыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн 2020 онд тохиох Хархорум хотын 800 жилийн ой болон 2021 онд болох Монгол судлалын XII Их хуралд монголч эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг хүссэн байна.