Монголын нутгаар дамжуулан хийн хоолой барих асуудлаар санал солилцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны хоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан юм.
Улмаар ҮАБЗ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хуралдаж ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан ҮАБЗ-ийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм. ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоометр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.