Цэргийн алба хаах насанд хүрсэн залуусын гурван хувь нь алба хаадаг
УИХ Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Энэхүү хуулийн өөрчлөлтийн гол зорилго нь барилга-инженерийн цэргийг бие даасан төрлийн цэрэг болгон хөгжүүлэх юм. Төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажлын гол ачааг зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд үүрч байгаа ажээ. Хуульд өөрчлөлт оруулснаар олон мянган залуусыг эх орны бүтээн байгуулалтад оролцуулах, цэргийн үндсэн бэлтгэл, сургуулилтаа дүүргэсний дараа үргэлжлүүлэн гэрээт цэргийн алба хаах, цалин хөлс нь аж ахуйн нэгжийн хэмжээнд олгогдох, хуримтлал бий болгох, нөгөө талаар мэргэжил, эх оронч хүмүүжил олгох гэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар жилд 80-90 орчим мянган залуус цэргийн алба хаах насанд хүрдэг бөгөөд тэдний гурван хувь нь л алба хаадаг байна.